Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Ээлжит  хурлаар болзоүшгй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж хүнсний нөөцийг тодорхойлох, аймгийн Онцгой комисст  цугласан хандивын нөхцөл байдал, зарцуулалт, Бичигт боомтыг нээхтэй холбоотой гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.

Аймгийн ХХААГ-аас өгсөн мэдээгээр, Сүхбаатар аймгийн хэмжээнд өргөн хэрэгцээний хүнсий бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байна. Томоохон худалдаанытөвүүд бараа бүтээгдэхүүнийхээ таталтыг хэвийн явуулж байна. Мөн Номин агуулах худалдаа, Ундрах супермаркетууд сумдад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг гэрээгээр гүйцэтгэж байна. Харин нөөцийн махны тухайд дөрөвдүгээр сарын мэдээгээр мах бэлтгэн нийлүүлдэг ААНБ-уудад нийт 1,4 тонн мах нөөцөнд байна. Үүнээс гадна хоёр махны захаар өдөр бүр шинэ мах тогтмол худалдаалагдаж байгаа бөгөөд эдгээр нь нөөцөд бүртгэгдээгүй гэдгийг хэллээ. Хэрэв болзошгүй байдал үүслээ гэж үзвэл одоогийн хүнсний болоод нөөцийн махны хувьд хангалтгүй байгаа учир дахин нэмж нөөц бүрдүүлэх шаардлагатайг аймгийн засаг дарга, Онцгой комиссын дарга Ж.Эрдэнэбаатар санууллаа.

Дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар аймгийн Онцгой комисст 11,7 сая төгрөгийн бараа материал, бэлнээр 62,7 сая төгрөг хандиваар цуглажээ. Бүх хандивыг аймгийн ОБГ-т төвлөрүүлж байгаа бөгөөд зориулалтын бараа материалыг шаардлагатай газруудад хуваарилж, харин бэлэн мөнгөөр эхний ээлжинд нэн шаардлагатай байгаа Бичигт боомтод ариутгалын автоклав, зөөврийн постны байр, замын хашлага зэргийг худалдан авах саналыг Төрийн сангийн хэлтсээс танилцуулав. Улмаар гишүүдийн 100 хувийн саналаар эхний ээлжийн зарцуулалтыг дээрх байдлаар хийхээр болсон юм.

Харин Бичигт боомтыг нээх асуудлыг өнөө хэр нь хүлээлгээд байгаа ариутгалын пунктын ажил дууссан гэнэ. Тиймээс ойрын хугацаанд аймгийн Онцгой комиссын ажлын хэсэг боомтод ажиллан ариутгалын пунктыг хүлээн авч, хангалттай гэж үзвэл Улсын онцгой комисст танилцуулж, улмаар хилийг нээх өдрийг тогтох юм байна.

Т.Одончимэг