Эрдэнэцагаан, Сүхбаатар сумдын зааг нутагт гадны иргэд хууль бусаар ашигт малтмал олборлож байсантай холбоотойгоор цаашид дахин ийм хууль бус үйлдэл гаргуулахгүй байх тал дээр аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрээр, Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн, ашиг хонжоо хайсан иргэд хоёр удаагийн үйлдлээр манай газар нутагт халдсан тохиолдол гарлаа. Үүн дээр Цагдаагийн газар шуурхай арга хэмжээ авч ажиллан одоо хэргийг шалгаж байна. Үүнтэй холбоотойгоор цаашид ийм байдал үүсгэхгүй байх бүх талын арга хэмжээг авах тухай аймаг орон нутгийн зүгээс хууль хяналтын байгууллага болон байгаль орчны байцаагч нарт онцгойлон анхааруулж, тодорхой үүрэг чиглэлийг өгч байна. Тодруулбал, алтны агуулгатай чулуу илэрсэн гэх тухайн газар нутгийг хамгаалалтад авч, холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Цаашид энэ ажил үргэлжлэн хийгдэнэ.
Түгээмэл тархацтай тусгай зөвшөөрөл эзэмшдэг нэрээр газар шороо ухаж сэндийчдэг явдал дахин гаргуулахгүй байх тухай албан тоотыг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Аймгийн зүгээс 11 газрыг тусгай хэрэгцээнд авах хүсэлтээ Ашигт малтмалын газар явуулсан ч үүнээс ердөө гурвыг нь зөвшөөрсөн, бусдад нь албан ёсоор хариу тайлбар ирүүлээгүй байна. Тиймээс бид шаардлагатай гэж үзвэл аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн тогтоол гаргуулж дахин Ашигт малтмалын газарт дээрх хүсэлтээ хүргүүлэхээр шийдвэрлээд байна.
Мөн тусгай зөвшөөрөл авсан ч ашиглаагүй, цаг хугацаа алдсан, зохих төлбөр тооцоогоо хийгээгүй ААНБ-ын түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах зөвшөөрлийг нь цуцлах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Үүний дагуу аймгийн ИТХ болон засаг даргын шийдвэрээр зөвшөөрлийг хүчингүй болгох ажил шат дараатайгаар хийгдэх болно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Т.Одончимэг