Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн сард “Ханилснаас илүү амраг үгүй” захидлын уралдааныг зарласан. Уг уралдааны тэргүүн байрын захидлыг уншигч танд хүргэж байна. хань Х.Ушаандарт зориулсан чин сэтгэлийн үгээ энэхүү захидалдаа бичжээ.
Сурагчийн ширээнээс тохой нийлүүлэн, оюутны амьдралаар хамтдаа амьдарч, харийн газар бие биенээ түшиж хамгийн сайхан бас хамгийн хүнд хэцүүг хамтдаа туулсан 13 дахь жил минь.
Одоогоос 13 жилийн өмнө анх үерхэж байхдаа би айлын эрх дураараа охин манай хүн надаас эсрэг буюу болох болохгүй, байх байхгүйг мэддэг буурь суурьтай хүн байсан. Тэр үед дөнгөж үерхэж найзалж эхэлж байсан болохоор муудаж сайндах үе хааяа тохиолдоно. Би ч яахав төрөлх зангаараа өөрийнхөөрөө буруу байсан ч уучлалт гуйж мэдэхгүй гэдийчихнэ. Харин манай хүн өөрийнх нь буруу байсан ч зөв байсан ч надаас уучлалт гуйгаад л гүйгээд ирнэ. Нэг өдөр манай хүн чиний алдаа байсан ч би хэзээд уучлалт гуйж чадна, яагаад гэвэл чамтай маргалдахгүй чамайг инээлгэж аз жаргалтай байлгаж чадаж байвал хэний алдаа байх нь хамаагүй би уучлал гуйж чадна гэж хэлж байсан юм. Тэр үед л би ойлгосон. Хайр сэтгэл, хайртай хүмүүсийн дунд бардам зан, их зан гэж байгаад яах юм. Бие биедээ аз жаргалыг мэдрүүлж, сэтгэл тайван байлгах гэж л хамт байгаа болохоос гуйж, гуйлгуулах гэж хамт байдаггүй юм байна гэдгийг зүрх рүү минь зөөлхөн шивнэж сэтгэлд минь тодоос тод мэдрүүлсэн.
Тэрнээс хойш би гэдэг хүн бага багаар өөрчлөгдөж, зөөлөрч хааяа алдаа гаргавал уучлалт гуйдаг болсон. Ингэж л миний эрх дураараа гэхүү эмэгтэй хүнд байдаг хэт бардам занг минь загнаж биш, уурлаж бухимдаж биш хайраараа аргадаж зөөллөж зассан хүн миний хань. Маш их тэвчээр, намайг гэсэн хүндлэл байсан гэдгийг би одоо ч мэдэрдэг. ЭНДЭЭС БИ ХҮНДЛЭЛИЙГ МЭДЭРСЭН
2017 онд миний зорилгыг гэр бүлийн зорилгоо болгон амьдралдаа маш том шийдвэр гаргаж хамтдаа харийн орныг зорьж, дахин оюутан болохоор сэтгэл шулуудан хайртай үрсээ үлдээн явах зориг биднээс өөр олон хүнд байхгүй л болов уу. Тав тухтай гэр орон, дассан сурсан ажил мэргэжлээ орхин явж хүнд хэцүү байсан ч нэг ч удаа зоригоо мохоохгүйгээр бүхнийг хамтдаа туулж чадна гэсэн зориг итгэлийг надад мэдрүүлж чадсан хүн бол хань минь л байсан. Миний зөв гэж бодсон бүхий л зүйлд намайг гүн бат дэмжиж, түшвэл түшсэн шиг түшиж, зэмлэвэл зэмлэсэн шиг зэмлэдэг хань байдаг болохоор эв эе нийлж арга билэг болдгийг би мэдэрдэг юм. 2019.09.03-ны үдэш 2 жил орхисон үрсээ сэтгэлдээ тээн нутаг буцахдаа бэлдэж байсан орой миний амьдралд гэнэтийн таагүй зүйл тохиолдсон. Одоо ч бодоход нурууруу минь цохисон чанга цохилт мэдрэгддэг. Бүх л бие маань хүний гарт орж хэвтэж, босч, унтаж, идэж ч чадахгүй болоход миний төлөө бүгдийг зориулж чадах, хэзээ ч ямар ч үед намайг орхихгүй ямар сайн ханьтайгаа бас ямар их хайртайг нь улам бүр баталж ойлгосон. ЭНДЭЭС БИ ХАЙРЫГ МЭДЭРСЭН.
Анх үерхэж эхэлснээсээ хойш хүртэл хамгийн сайхан цэцэгсийг ханиасаа л авдаг, уур бухимдал бүрээ нууж хаалгүй ханьдаа л гаргадаг, хэтэрхий хайрлуулдаг болохоор хошуугаа дэвсээд ханьдаа л эрхэлдэг ийм л эрх дураараа хүндээ би.
Ажлаасаа ирээд гэртээ ирэхэд түрүүлж ирээд хоолоо хийгээд л зогсож байдаг. Ажил ихтэй завгүй үед хоол бариад л гүйгээд ирдэг. Адилхан ядарч ядарч гэртээ ирэхэд миний хань амарч бай хоолоо хийчихээд дуудъя гээд хүүхдүүддээ анхаардаг, амралтын өдрүүдэд ч гэрийн ажлаа хувааж аваад л цэмбийлгэдэг.
Ямар ч үзэл, санаа оноогоо хэлэхэд буурьтайхан шиг бодож дэмжих үедээ хамгийн сайнаараа дэмжиж, зэмлэх үедээ хамгийн сайн чиглүүлэгч нь болдог. Эмэгтэй хүний эрхэм чанарыг, эмэгтэй хүний эмзэг байдлыг, эмэгтэй хүний эрх чөлөөг хамгийн сайн ойлгодог болохоор БИ ХАНИАСАА ИТГЭЛИЙГ МЭДЭРДЭГ.
Гэр бүл бат оршиход хамгийн чухал нь ХАЙР, ХҮНДЛЭЛ, ИТГЭЛ гэж боддог. Энэ бүхэн бидэнд байдаг болохоор бид үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх, Монгол улсынхаа хариуцлагатай гэр бүл хэвээр оршин тогтносоор байх болно гэж итгэдэг.
Хүүхэд насны гэнэн дэврүүн наснаас хүний амьдралыг туулах л ёстой жаргал зовлонг хамтдаа үүрэлцэн хэзээд миний дэргэд тангараг өргөсөн цэрэг шиг байдаг ханиас минь илүү амраг гэж үгүй. Үргэлж залуугаараа цэцэглэн байдаг бидний хайр мандтугай.
Баруун-Урт сумын долоо дугаар багийн иргэн М.Мөнхгэрэл