Манай аймагт ноолуур худалдан авах ажил энэ сарын 21-нд эхэлсэн. Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр сумдад уг ажил явагдаж байгаа ч малчид бухимдалтай байна. Учир нь ААНБ-ууд малчдын ноолуурын хэмжээг багасгаж, савласан уутнаас нь хамаарч 300 граммаас нэг килограмм хүртэл хасч тооцож байгаагаас гадна маш их голж шилж байгааг хэлж байна.
Үүнийг нь эсэргүүцсэн иргэдийг чадахгүй бол ноолуураа өгөхөө боль гэж загнах үзэгдэл ч тогтмол гарч байгаа аж. Хэдэн өдөр гадаа дугаарлан зогсож, сая нэг ноолуураа тушаалаа гэтэл мөнгийг нь бэлэн олгосонгүй. Гэрээ байгуулсны үндсэн дээр 3-7 хоногийн дараа дансаар нь олгохоор болсон. Нэгэнт төр засгаас гарсан бодлого шийдвэр тул хүндэтгэж, малчид үүнд хүлээцтэй хандаж байгаа.
Малчдын орлогын гол эх үүсвэр нь ноолуур. Ямаагаа самнуулсан хөлсөө өгөх, банкны зээл төлөх бүр зарим нь идэх хоол хүнсэндээ залгахын тулд ноолуурын мөнгөө хүлээсэн хэвээр байна. Жилийн жилд тухайн үеийнх нь ханшаар ямар ч асуудалгүй ноолуураа тушаачхаад санаа амар суудаг малчдын хувьд зарим нь хэдэн малаа орхиод ийнхүү сумын төвд гадны хэдэн хүнийг царайчлан өдрийг өнгөрөөж байгаа бол зарим нь манай суманд хэзээ ирэх бол гэдэг хүлээлттэй сууна…
Т.Одончимэг