Сүхбаатар аймагт цэвэр ус үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван ААНБ бий. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Прокурорын газартай хамтран Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эдгээр цэвэр усны цехүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх, шинжилгээ шалгалтыг хийжээ.
Шалгалтын хүрээнд Оргих, Нутаг шим, Мандал цэвэр усны цехүүдийн цэвэршүүлсэн уснаас дээж авч, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лаборатори хими, нян судлалын шинжилгээнд хамруулсан байна. Тодруулбал, химийн 24 үзүүлэлт, нян судлалын есөн үзүүлэлтээр усыг шинжлэхэд зохих стандартын шаардлагыг хангаж байгаа нь тогтоогджээ.
Шалгалтын явцад хяналтын гурван чиглэлээр 72 дутагдал илэрсэнээс, ажлын байран дээр ажлын хувцсыг өмсөж хэвшүүлэх, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, дэвтрийн бүрдэлтийг хангуулах, цэвэрлэгээ үйлчилгээ болон ариутгал халдваргүйтгэлийн бүртэл журналыг хөтлүүлж хэвшүүлэх, хортон шавьж мэрэгч устгалыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэх зэрэг дутагдлын 25 хувийг газар дээр нь арилгуулсан байна.
Мөн улсын байцаагчийн 54 заалттай хугацаатай албан шаардлагыг хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. Улмаар ирэх сард гүйцэтгэлийн хяналтыг дахин хийхээр болсон гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Т.Одончимэг