1998 онд монгол түмний шигшмэл хурдан хүлгийг шалгаруулах “Их хурд” наадам Өвөрхангай аймгийн эртний түүхт Хархорум хот, Орхоны цэнхэр хөндий, Харганатын уудам хөтөлд болж байсан түүхтэй. Монгол улсын 21 аймаг, улсын наадмын айраг түрүүнд хурдалсан хурдан азарга, их насны морьд урилгаар очиж уралдах энэ наадамд хүлэг морьдынхоо торгон жолоог өргүүлж, тод магнай болгон, монгол улсын хамгийн хурдан хүлгээр шалгаруулах гэж бүхий л уяачид хичээж байсан биз ээ. Энэ уралдаанд хурдны өлгий Сүхбаатар аймгийн уяачид аймаг, сумын наадамд түрүүлж айрагдсан хүлгүүдээ сойн очиж уралдан, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач “Бүдүүн” хэмээх Шагдарын хул азарга айргийн 3-т хурдалсныг моринд дуртай монгол түмэн мэднэ. Энэхүү хул азарга нь Сүхбаатар сумын нэрт уяач “Шилбэ” хэмээх нэрт уяач, аймгийн алдарт уяач Махбалын Дамдинсүрэнгийн адууны угшилтай бөгөөд 1997 онд битүү хавчиг азарга аймгийн төвөөс урагш “Шовдол”-д болсон монгол улсын наймдахь ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджавын нэрэмжит наадамд түрүүлж байжээ. Энэ уралдаан тухайн үедээ өвлийн маш том уралдаан болсон юм. 2-р сарын 23-ны өдөр болсон уг наадмын азарганы уралдаанд 106 азарга тоосоо өргөж, Шагдар гуайн хул магнайдаа тоосгүй түрүүлж, Манлай уяач Аюушийн Ухна гуайн буган халиун азарга аман хүзүү, Асгат сумын уяач М. Чулуунбаатарын хонгор айргийн 3-т, Халзан сумын уяач Л. Мажигсүрэнгийн хонгор айргийн 4-т, Асгат сумын уяач Б. Халтарын хүрэн айргийн 5-д хурдалж байжээ. Хул азарга тэр зунаа аймгийн наадамд айргийн гуравт хурдалсан юм. 1997 он буюу Сүхбаатар аймаг байгуулагдсаны 55 жилийн баяр наадмын азарганы уралдаанд 183 азарга уралдаж Түмэнцогт сумын уяач Далантайн хээр азарга түрүүлж, Баруун-Урт сумын уяач Ч. Жаргалсайханы улаан аман хүзүүдэж, Уулбаян сумын уяач М. Шагдарын хонгор айргийн гуравт, “Монгол Адуу” нийгэмлэгийн уяач Гөлгөөгийн халтар айргийн дөрөвт, Баруун-Урт сумын уяач П. Будын хүрэн азарга айргийн тавд хурдалсан түүхтэй. Хул азарга ингэж “Их хурд”-д уралдах эрхтэй болжээ. Тухайн үед Уулбаян сумын нэрт уяач, аймгийн алдарт уяач Борын Дондог агсан мөн хул азаргатайгаа их наадмыг зорих байсан ч хул азарга нь уяан дээрээ хөрвөөхдөө жижиг чулуу тааран, хавирга нь хугарч, халхын өндөр довонд хамгийн хурдан хүлэг болох наадамд харамсалтайгаар оролцож чадаагүй юм. Мөн Дарьганга сумын нэрт уяач “Хар” хэмээх С. Дугарсүрэн сумандаа олон түрүүлж айрагдсан хурдан хүрэн азаргаа хөлөөр нь хөтлөн аймаг орж, тэндээсээ машинд ачих төлөвлөгөөтэй “Их хурд”-ыг зорих замдаа Асгат суманд ирэхэд нь адуучин “Бүдүүн” Чойжоо гэгч мань хүнийг “Манай довноос айгаад байна уу, айж байгаа бол халхын довонд уралдана гэж юу байдаг юм” гэхэд аатай, амтай Дугарсүрэн уяач Асгат сумын наадамд уралдан хүрэн азаргаа холхон түрүүлгэж, азарганыхаа хөлд цус буулган их наадмын замын дундаас гунигтай буцсан түүхтэй. Энэ мэтчилэн Сүхбаатар аймгийн нэртэй, цуутай уяачдын хурдан хүлгүүд оролцож чадаагүй юм. Ингээд урилга авч, уралдаж чадахгүй болсон уяачдын оронд ондоо уяачид, морьд очиж уралдсан юм. Манлай уяач Ц. Онгуу 1997 оны аймгийн баяр наадмын их насны уралдаанд айргийн 3-т давхисан хурдан зээрд морьтой, бор азаргатай /”Их хурд”-ын бичлэгэн дээр байдаг/, Мөнххаан сумын нэрт уяач “Ембүү” хэмээх Насангийн Пүрэвжав гуай хурдан саарал азаргатайгаа, Онгон сумын уяач Шараа багш гэвэл Сүхбаатарчууд андахгүй 1998 оны аймгийн наадамд аман хүзүүдсэн улаан азаргатайгаа, Уулбаян сумын уяач Агваан багш битүү хээр азаргатайгаа, Сүхбаатар сумын уяач Дандарын Болд / “Алтан-Овооны тахилга наадамд очоод шагналын 69 машиныг “Манай уяан дээр аваачаад тавьчих” гэж аархаж байсан уяач гэдэг/ улаан азаргатайгаа, өдгөө монгол улсын алдарт уяач Пяранлайн Буд гуай улаан морьтойгоо, Халзан сумын уяач “Монгол адуу” нийгэмлэгийн Гөлгөө гуай 1996 оны аймгийн наадмын түрүү, 1997 оны аймгийн наадмын айргийн дөрөвт хурдалсан хээр азаргатайгаа, за тэгээд Уулбаян сумын “Хомоо” С. Бат-Очир гэдэг өвгөн 1996, 1997 оны аймгийн баяр наадамд дараалан аман хүзүүдсэн хээр морь, Асгат сумын уяач Л. Дуламрагчаа гуай гүү хураадаг, сайвартай хонгор морьтой, мөн сумын уяач Жигжидийн Ганбаатар сумандаа түрүүлж, аймагт айрагдсан бор морьтойгоо, Баруун-Урт сумын уяач Халзан сумын уугуул олон хул хонгор адуутай Ренчиндорж гуайн хүү “Өөшгөө” Ганбаатар ах 1997 оны аймгийн баяр наадмын их насны уралдаанд хурд, шандас сорьсон 106 хүлгээс түрүүлсэн хурдан хонгор морьтойгоо гээд Сүхбаатар аймгаас 9 азарга, мөн тооны их морь “Их хурд”-ыг зорьжээ. Эдгээр азарга, морьд 1997, 1998 оны аймгийн баяр наадмын айраг, түрүү хүртсэн байдаг. Зарим нь дээр хэлсэн урилгатай ч хүндэтгэх шалтгаанаар явж чадахгүй болсон морьдын оронд уралдахаар явж байгаа юм. Дээрх уяачдаас гадна Сүхбаатар аймгийн хурдан морины зүтгэлтэн, морь сонирхогч хүмүүс нэг гал болон явсан байдаг юм. Сүхбаатар аймгийнхан андахгүй “Нисэхийн” Ганболд ах ерөнхийдөө ахлан, ”менежер”-ийн үүрэг гүйцэтгэн, ачааны хүндийг үүрсэн байдаг юм. Түүнээс гадна “Монгол адуу” нийгэмлэгийн Сүхбаатар аймаг дахь салбарын дарга Адъяа, “Ганга импекс” компанийн захирал Д. Гомбосүрэн, яруу найрагч Ай. Төмөр-Очир гээд олон хүмүүс, тэр үеийн Мөнххаан сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаатар, С. Баярмагнай, Баттөр гэсэн цагдаа залуус хамгаалалтанд, одоо бидний сайн таних “Талын агуй”-н М. Амгалан гээд зарим залуус халхын хурдан хүлгүүд, нэрт уяачдыг дэргэдээс харах нууцхан хүсэл өвөртлөж, аймгийнхаа алдартай уяачдын гар хөл үзүүрт хөдлөн явжээ. Нутгаасаа хөдөлсөн их уяачид замдаа найр, наадам болон, сархад хүртэн зүгээр яваагүй нь мэдээж. Улаанбаатар хотод “Амгалангийн колонк”-оос нутгийн зөвлөлийнхөн тосож, “22-ын товчоо” хүртэл гаргаж өгөн, тэндээ хоноглосон гэж ярьдаг. Нутгийн уяачидаа зам зуурын аймаг, сумд, хотод байгаа нутгийн хүмүүс идээ будаатай угтан, дайлж цайлж, сүү айраг өргөж байсан гэдэг. Тухайн үедээ их л сүртэй, машинууд нь гэрлээ асааж, бас ч гэж нэр хаягаа биччихсэн, туг дарцагаа хийсгэсэн хэрэндээ “том” цуваа явж байжээ. Тэр дундаас манлай уяач Ц. Онгуу гуай, Уулбаяны Шагдар гуай хоёр бие биенээ ирлэж, хурцалж явсан гэх юм уу, иртэй хурдтайдаа аархаж байсан гэх юм уу их л муудаж, сайдаж явжээ. Ц. Онгуу “Чиний наад хавчиг хул азарга халхын довон дээр уралдана гэж юу байдаг юм” гэхэд Шагдар гуай “Их хурд”-ын асрын өмнө хул азаргаа цоллуулаад зогсож байхыг хараарай” гэж аархан, аян замыг хороон Орхоны цэнхэр хөндий, Харганатын уудам хөтөлд очсон гэдэг. “Их хурд”-ын бага сунгаан Төв аймгийн “Эрдэнэ” суманд болж Сүхбаатар сумын уяач Дандарын Болдын улаан азарга түрүүлжээ. Их сунгаан Архангай сумын “Хашаат” сумын цаахна “Элсэн тасархай”-н баруун урд болж, манай есөн азаргатай, Өвөрхангай, Архангай аймгийн дан медаль болсон даалуу дөрвөн азарга ирж сунгажээ. 13 азарга хөдөлж, Өвөрхангай, Архангайн дөрвөн азарга газар дээрээ үлдэж, Сүхбаатарын есөн азарга бараа сураггүй алга болж, энэ бүхнийг харж явсан “Талын агуй”-н М. Амгалан ах аймгийнхаа адууг аргагүй хурдан гэдгийг тэнд анх харж, биширч гайхсан гэдэг. Өвөрхангай, Архангайн тэр дөрвөн азарга нутаг усандаа хурдан амьтад байж, тийм болоод тархи, толгой дүүрэн медальтай байсан биз ээ. Их сунгааны үеэр уяачид өөрийн өөрийн азаргандаа тохирсон зайнд хийх /10-15км/ гэж санал зөрөлдсөн гэдэг. Ингээд уяач бүрийн саналыг авч, дунджаа гарган, тэр ёсоор хийхээр тохирчээ. Азарганууд газар дээрээсээ ном журмын дагуу эргэж, Сүхбаатар сумын Дандарын Болдын улаан азарга өнгөлж, төд удалгүй Шагдар гуайн хул азарга араас очин, зөрж өнгөрөөд явчихаж. Зургаан километр орчим өнгөлсөн хул азаргаа Шагдар гуай дагаж явсан машинаас “Зогс, зогсохгүй бол би өөрөө бууна” гэж зүтгэсээр, бууж, татуулан авч үлдсэн байдаг. Уулбаяны “Бүдүүн”хэмээх Шагдар уяач их уралдааны замд уусан ундаа сархадандаа унаж, тасарч явсан ч азарганыхаа уяа сойлгыг огт алдаагүй явжээ. Магадгүй мань хүн “Михальд нэг бодол бий” гэдэг шиг дотроо нэг юм бодсон байж мэдэх юм. Түүнтэй цуг нэг майханд түүний гэргий Цэцэгээ гуай, Адъяа дарга, Шараа багш нар байсан гэдэг. Шагдар уяач унаад босохдоо азарганыхаа гэдсийг өргөж үздэг, энэ газар идүүл, тэр газар гишгүүл, төдөн цагийн хоол өг, тийм ажил хий гэх мэтээр дагалдан яваа хүмүүстээ хэлдэг, цаадуул нь үгнээс нь зөрдөггүй байж. Ингээд наадмын өглөө азарга мордоход унаач хүүхэддээ тархины таван азарганы ард татаад яваад байгаарай, яасан ч гаргаж болохгүй шүү гэж захижээ. Халхын хурдууд зурхай дээрээс эргэж, үзүүрийн таван азарганы ар дээр хул азаргыг хүүхэд нь ангайтал татан явж байсныг морь дагаж байсан манай аймгийнхан таниагүй юм уу, яасан бүү мэд ямартай ч мэдээгүй өнгөрсөн байдаг юм. Хэт их татаатай явж байгаад үзүүрийн хоёр азаргыг газар авуулсан байж магадгүй гэж одоо ч ярьдаг. Ингэж Уулбаян сумын уяач Шагдарын хул азарга айргийн 3-т хурдлахдаа үзүүрийн хоёр азаргыг дахиад 100 метр газар байсан бол лавтайяа түрүүлэхээр дарвайсан цогиотой ирсэн, үзүүр дээрээ хөдөлж байгааг тэр үеийн бичлэг дээрээс харж болно гэж одоо ч зарим нэг хүмүүс ярьдаг нь үнэний ортой санагддаг. Азарганы уралдаантай холбоотой нэг түүх ярихад Мөнххаан сумын уяач “Ембүү” Пүрэвжав гуай саарал азаргаа “Уяа нь өнгөрчихлөө” гэж хаширлан сууж байхад торгон тарны орой очсон мөн Мөнххаан сумын нэрт уяач “Бураа” Пүрэвжав, Л. Лхагва / Монгол улсын аварга малчин/ хоёр азаргыг нь хараад “Дутуудуучихлаа” гэж хэлж байсан гэдэг. Саарал азарга “Их хурд”-д 12-оор орсон байдаг. Уралдаад ирэхэд нь “Бураа” Пүрэвжав гуай амьдаадаа “Уяа өнгөрчихсөн адуу ийм байдаг юм уу” гэж байсан гэдэг. “Их хурд”-ын хоёр сунгаанд тун ч сайн байсан Сүхбаатар сумын уяач Дандарын Болдын бор азарга 15-аар хурдалжээ. Онгоны Шараа багшийн улаан азарга 30 гарнаар давхисныг ангийн найз Ш. Байгаль саяхан “Их хурд-1” наадмыг үзээд аавыгаа хараад дурсан ярьж байсан. Ингэж Сүхбаатар аймгийн уяачид Уулбаяны хул азаргаа айргийн 3-т хурдлуулсан түүхтэй. Хул азарга энэ наадамд айрагдан Халзан сумын уугуул Ч. Хурц сайд 69 машин, чиргүүлтэй зил-130 машинаар авна гэж ирэхэд нь Уулбаян сумын уугуул ардын жүжигчин Ш. Чимэдцэеэгийн ах Ш. Шагдарсүрэн “Халхын наадамд торгон жолоо өргүүлсэн энэ хүлгийг авах юм бол энэ том наадмын дэвжээнээс биш нутгаас нь, адуун сүргээс нь ав” гээд халгаагаагүй гэдэг. Тэр намраа хул азарга алдарт “Толин хул”-ын эзэн “АПУ”-гийн гэгддэг Г. Батхүүд зарагдсан юм. “Их Хурд” анхны наадамд аймгийнхаа уяачид хэрхэн уралдсан, тэр дундаа Шагдар гуай хул азаргаа яаж айрагт хурдлуулсан талаар дуулсан, мэдсэн бүхнээ нийлүүлж, “адуугаар бол оосорлож, ногтлох” гэж үзлээ. Эрхэм та бүхэн алдсан оносон юм байвал уучилна биз ээ. Нэр, морь андуурсан бол засаж залруулж болно. Хоч, цолыг хэлсэнд өршөөнө биз ээ. Хурдан морь, эрдэмт уяачдын үүх түүх дуусашгүй, сонсож, мэддэг зүйлээ хуваалцаарай. Үргэлжлэл бий… Ц. Энхбаатар