Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн төвшинд гардан гүйцэтгэж буй мэргэжлийн байгууллагуудын нэг бол Мэргэжлийн хяналтын газар. Төрийн тусгай албан хаагч биш ч тус байгууллагын ажилчид өдөр бүр уртасгасан цагаар ажиллаж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байна. Ингээд аймгийн МХГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түүний үр дүн басхүү учирч буй саад бэрхшээлийн талаар ярилцсаныг хүргэе.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Өлзиймөнх, Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид төрийн тусгай албан хаагчидтай ижил төвшинд ажиллаж байгааг онцлон хэлсэн юм.
Танд өдрийн мэнд хүргэе. Их ажлын хажуугаар зав гаргасанд баярлалаа?
Баярлалаа. Хэдий ажлын ачаалал ихтэй байгаа ч ажил үүргийнхээ талаар иргэдэд мэдээлэл өгөх нь бидний үүрэг учир цаг гаргалгүй яахав. Манай байгууллагыг зорин ирсэнд баярлалаа.
Аймгийн МХГ-ын ажилчид ч байнгын бэлэн байдалд ажиллаж, ачаалал өндөртэй байх шиг байна?
Тэгэлгүй яахав. Байцаагч нар маань төрийн жинхэнэ албан хаагч нар. Хэдийгээр төрийн тусгай албан хаагч биш боловч онцгой нөхцөлд чадварлаг ажиллаж байгаа хамт олноороо бахархаж байна. Он гарсаар дэлхийн олон улс оронд “Ковид-19”-ын цар тахал дэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажлын тусгай горимоор ажиллаж байна. Ажлын ачаалал хэт ихэсч цаг хугацаагүй ажиллаж байгаа ч бид хүн хүчээ зөв хувиарлаж, хөдөлмөр зохион байгуулалтаа оновчтой хийснээр зохих үр дүнд хүрч байна.
Ер нь танай байгууллагын бүтэц бүрэлдэхүүн ямар байдаг юм. Энэ нөхцөлд мэргэжлийн боловсон хүчин хангалттай хэмжээнд байж чадаж байна уу?
Манай газарт 16 хяналтын чиглэлээр 25 улсын байцаагч, лабораторийн тав, захиргаа хүний нөөцийн зургаа, үйлчилгээний долоон ажилтан ажиллаж байна. Нийт албан хаагчдын 57% нь 0-12 насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд байгаа хэдий ч хариуцлагатай жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд постод гарч, хүн ардынхаа эрүүл, аюулгүй байдлыг хангахын төлөө цаг наргүй зүтгэж байна. Ер нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдыг “Төрийн тусгай” албан хаагч болгох шаардлагатай гэж би боддог. Цалин хангамж, ажиллах нөхцөл баталгаа дутмагаас үүдэж орон нутагт ажиллах боловсон хүчин дутагдалтай байдаг нь үнэн.
Танай байгууллагын зүгээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна?
Он гарсаар дэлхий нийтийг хамарсан цар тахал болох коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал, соён гэгээрүүлэх сургалт сурталчилгааны ажлын хүрээнд иргэд, олон нийтэд зөвлөгөө мэдээллийг хүргэж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиулах арга хэмжээ авч, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирлээ. Энэ хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 290 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, 3587 иргэнд “КОВИД-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээ мэдээлэл хүргэж, орон нутгийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 47 цуврал нэвтрүүлэг бэлтгэн явуулж, 3691 удаагийн давтамжтай дуут мессежийг хөдөлгөөнт сурталчилгаа хэлбэрээр явуулсан байна. дуут мессеж, хөдөлгөөн сурталчилгаа маань бусад аймгуудын хувьд анхдагч, шинэлэг ажил болсон.
Мөн Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөл байдалд зохион байгуулахтай холбогдуулан Бичигт хилийн боомтын бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын 06, 07 дугаар хурлын шийдвэр, Сүхбаатар аймгийн Онцгой комиссын 09 дүгээр өргөтгөсөн хурлын шийдвэрийн хүрээнд Бичигт хилийн боомтод тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийн түр пунктийг бариулж, шаардлагатай тоног төхөөрөмж, ариутгалын бодисоор хангаж ашиглалтад орууллаа.
Бичигт боомтыг нээх асуудал хүлээгдсэн хэвээр байна уу?
Тийм ээ. Бид Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, экспортын тээвэрлэлтийг эхлүүлэхэд бэлэн болсон. Гэвч одоогоор Улсын Онцгой комиссоос эцсийн шийдвэр албан ёсоор ирээгүй байна.
Төлөвлөгөөт олон ажлуудыг хийсэн гэлээ. Гэхдээ хамгийн чухад нь үр дүн шүү дээ?
Аливаа хяналт шалгалтын эцэст үр дүн гарах ёстой. Илүү их үр дүнд хүрэхийн тулд иргэдийн оролцоо асар чухал байдаг. Саяхны жишээг дурдахад, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоо ямар чухал болохыг бид харлаа. Төрийн байгууллагуудын зүгээс сургалт, сурталчилгаа, мэдээлэл зөвлөмж өгөх ажлыг бүхий л бололцоотой хэлбэрээр зохион байгууллаа шүү дээ. Гэтэл иргэдийн маань хандлага ямар байв. Яг энэнтэй адилхан бүхий л хяналтын чиглэлээр үр дүн сайн гарахад иргэд, олон нийтийн оролцоо асар чухал байдаг. Манай байгууллагын хувьд улсын хил дамнан тархах хүн, мал, амьтны гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг чанартай хийж гүйцэтгэснээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнд иргэдийн идэвх оролцоо ч нэмэгдсэн.
Ер нь ААНБ, иргэдийн хандлага ямар байдаг вэ? Та бүхний шаардлагыг хүлээж авах, хэрэгжүүлэх талаас?
Дээр дурдсанчлан, аливаа хяналт шалгалтын эцсийн үр дүн сайн гарахад иргэдийн оролцоо асар чухал байдаг. Дэлхий нийтийг цочроогоод байгаа ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоо ямар чухал гэдгийг бид мэдэрлээ. Малын гоц халдварт өвчний үед ч ялгаа байхгүй хүний буруутай, хайхрамжгүй үйлдлээс болоод халдвар газар авах, эрсдэл үүсэх магадлал нэмэгдэж байдаг. Ямарваа нэг эрсдэлд хүчин зүйлс үүсэнгүүт иргэд, аж ахуй нэгжүүд Мэргэжлийн хяналтын байгууллага руу дайрдаг, өөрсдөө үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй. Улсын байцаагчид тухайлсан объект бүр дээр өдөр болгон шалгалт хийх боломжгүй шүү дээ. Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагууд дор бүрнээ ухамсартай байж, өөрийн гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах хэрэгтэй.
Төрийн ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл, саад бэрхшээл юу байна, түүнийг хэрхэн даван туулж байна?
Иргэд, олон нийтийн зүгээс Мэргэжлийн хяналтын байгууллагын ажлыг ойлгодоггүй, хууль тогтоомж сахин биелүүлээгүйнх нь төлөө тавьсан шаардлагыг мушгин гуйвуулж, буруу ташаа мэдээллийг түгээх нь элбэг. Мөн хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа мэддэггүй мөртлөө эрх ашгаа маш сайн мэддэг. Нэг үгээр хэлбэл, аливаа асуудалд хувийн эрх ашгийн үүднээс хандах нь бидний ажилд хүндрэл үзүүлдэг. Гэвч, саад бэрхшээл бүрийг бид боломж гэж харж, иргэдийн хандлагыг өөрчлөх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийж, “Хамтын хяналт”-ыг хэрэгжүүлсээр ирлээ. Үүний үр дүн ч гарч байна. Иргэд, аж ахуй нэгжийн нийгэм дэх хандлага өөрчлөгдөж, Мэргэжлийн хяналтын байгууллагын ач холбогдлыг ойлгож эхэлсэн нь талархууштай.
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа нь зарим мэргэжлийн байгууллагад маш том туршлага болж байх шиг санагдаж байна. Та болон танай байгууллагын хувьд?
Бид урьд өмнө нь болж байгаагүй удаан хугацаагаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин тусгай горимоор ажил үүргээ гүйцэтгэж байна. Энэ хугацаанд манай хамт олонд тулгамдсан олон асуудлын гарц гаргалгаа гаргаж, багагүй хүч хөдөлмөр гаргаж ажиллахыг шаардсан цаг үе байлаа. Алдаа онооны дэнсэн дээр шүүж үзэхэд тодорхой нэг зүйл гарах л байх, гэхдээ манай хамт олон эрсдэлийг урьдчилан сайтар тооцож, орон нутагтаа байгаа бүхий л боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадсан гэдэгтээ итгэлтэй байна. Үүссэн цаг үеийн нөхцөл байдлаас гадна аливаа эрсдэлд хүчин зүйл үүсэх бүрт мэргэжлийн хяналтын байгууллага хамгийн түрүүнд оройлон ажиллаж ирсэн, ямар ч нөхцөл байдалд ажиллах чадвартай хамт олон учраас саад бэрхшээлийг даван туулж ажиллаж байна. Аливаа хүндрэл бэрхшээлийг бид хамтын хүчээр, нэг санаа зорилготой байж даван туулна шүү дээ. Иймээс аймаг, орон нутгийг удирдлагууд болон бусад төрийн байгууллагуудтай уялдаа холбоогоо улам сайжруулан нягт хамтран ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Т.Одончимэг