Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Б:ӨЛЗИЙТОГТОХ: “ТАЛЫН МОНГОЛ БОРЦ”-ЫГ СҮХБААТАР АЙМГИЙН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН БОЛГОНО

Сүхбаатар аймгийн малын махыг амт чанараар бусдаас илүү гэдэг. Гэхдээ энэ давуу талыг тэр бүр ашиглаж чадаж байгаа нь ховор. Харин өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Өлзийтогтох гэх залуу “Талын монгол борц”-ыг үйлдвэрлэн аймаг орон нутаг төдийгүй бүсийн хэмжээний аймгийн хэрэглэгчдэд нийлүүлж эхэлжээ. Түүний хувьд цаашид бүтээгдэхүүнээ Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж байна.

Танд өдрийн мэндийг хүргэе?

Баярлалаа, уншигчдад өдрийн мэнд дэвшүүлье.

Борцны худалдааг бизнес болгон хөгжүүлэх санаа анх хэзээ, яагаад төрөв?

Одоогоос хоёр жилийн өмнө энэ санаа төрж байсан. Хамгийн гол нь Сүхбаатар аймгийн мах өөрөө амт, чанар сайтай. Тиймээс үүний  үр дүнг бодитоор үзэх ёстой гэж бодсон. Тухайн үедээ хэрэгжүүлэх боломжгүй байсан учир өнгөрсөн жил аймгийн ХХҮГ-аас залуучуудын хөдөлмөр эрхлэлт гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж, “Талын монгол борц” төслийнхөө санааг танилцуулж байсан. Ингээд санаа маань дэмжигдээд гурван шатны хурдасгуур хөтөлбөрт хамрагдаад, илүү баяжигдан бэлэн төсөл болсон. Улсын хэмжээнд 200 гаруй төсөл өрсөлдөөд шалгарч, тэгээд л ажил хэрэг болгож эхэлсэн дээ. Мэдээж үүнийгээ эхлүүлэхийн тулд дээрх хөтөлбөрөөс тодорхой хэмжээний зээл авч, мөн өөрийн мал аж ахуйдаа түшиглэн ажлаа маш амжилттай эхлүүлээд явж байна. Хамгийн гол нь махаа монголчуудын  уламжлалт аргаар байгалийн салхинд хатаасан гэдгээрээ онцлог. Сүүлийн үед  махыг хоёрхон хоногийн дотор хатаадаг технологи бий болсон байна лээ. Гэхдээ технологийн аргаар хатаасан мах, уламжлалт аргаар байгалийн салхинд хатаасан борц хоёрыг харьцуулшгүй л дээ. Амт чанараас эхлээд маш өөр.

Эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа юу?

Тэгэлгүй яахав. Монголчууд хаврын цагт борцыг хүнсэндээ хэрэглэдэг. Ингэхдээ заавал нүдэж, дэвтээж байж хэрэглэдэг шүү дээ. Гэтэл орон сууцны айл өрхүүдийн хувьд өдөр бүр борцоо нүдээд байхад хүндрэлтэй  байдаг. Нөгөө талаар борцыг нүдэж, хэдий чинээ удаан дэвтээнэ төдий чинээ амт сайтай байдаг. Тиймээс бид мөн л уламжлалт гар арга болох алх дөшөөр борцоо нүдэж, иргэдийн хэрэгцээт хэмжээгээр нь  савлан эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Энэ нь ч иргэдийн сэтгэлд их нийцэж байгаа нь мэдрэгдэж байгаа. Савлахдаа ч зүгээр нэг уутанд хийгээд зарахыг хүсээгүй. Яг л хүнсний  стандарт шаардлагынх нь дагуу зориулалтын савлагаатай, лого шошго тэмдэгтэй нь байлгахыг зорьж байна.

Бэлтгэсэн махаа хатаах үйл явц тийм амар биш. Арчилгаа их шаарддаг гэж сонссон?

Тийм.  Махыг хатаахад маш их арчилгаа ордог. Ер нь яг л нялх хүүхэд асарч байгаа  юм шиг байдаг ш дээ. Хоёр хоног тутамд эргүүлэх, цас бороо орвол тэр даруйд нь цэвэрлэх, хоорондын зай байрлалыг байнга сольж, агаар сэлгэх гээд ажил ихтэй. Маш их хөдөлмөр орно. Түүнээс биш зүгээр өлгөж орхиод эвэрснийх нь дараа уутанд хийж гадаа тавиад хатчихдаг зүйл биш. Яахав  хатаж болно ,гэхдээ яг иргэдийн хүсдэг шиг голгүй хатаж, шаргалтсан борц болохгүй.

Танай бүтээгдэхүүний хамгийн гол түүхий эд бол мах, тодруулбал үхэр. Тэгэхээр бүгдийг худалдаж аваад, дахиад бүтээгдэхүүн болгон зарж, ашиг олно гэдэг хүндрэлтэй. Өөрийн мал аж ахуйд суурилж гэж та хэлсэн. Тэгэхээр магадгүй хэдэн жилийн өмнөөс үхрээ өсгөхөөс эхлээд бэлтгэл ажлаа базааж байсан байх?

Яахав үхрээ худалдаж аваад, борцоо үйлдвэрлээд зарж болно. Гэхдээ өөрийнхөө бааз сууринд түшиглэнэ гэдэг мэдээж ашиг орлогын хувьд илүү. Миний хувьд гурван жилийн өмнөөс үхрээ өсгөх, үүн дундаа махны чиглэлийн үхэр өсгөх тал дээр анхаарч ирсэн. Мөн борцыг хэт туранхай, эсвэл хөгшин малаар хийж болохгүй. Яг л идэр насны үхрийн махаар хийхэд хамгийн тохиромжтой байдаг. Тиймээс эдгээр зохицуулалтуудыг хийх, төлөвлөх зүйл мэдээж байлгүй яахав. Ер нь энэ ажлыг үргэлжлүүлье гэвэл өөрөө үхрээ өсгөж баазаа бэхжүүлэх л хамгийн чухал. Энэ баазыг ч өөрийнхөө хэмжээнд бүрдүүлсэн гэж бодож байгаа.

Та одоогоор яг л өрхийн үйлдвэрлэлийн түвшинд ажиллаж байна уу?

Тийм, яг л гэр бүлийн хүрээнд хийж байна. Ах дүү, хамаатан садан гээд бүгд л оролцдог.  Мэдээж эхний жил учир гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс борцоо бага хэмжээгээр бэлтгэсэн. Үнийн хувьд дундаж үнэтэй. Аймагт зарагдаж байгаа борцноос тав, зургаан мянгаар илүү үнэтэй боловч манай бүтээгдэхүүний тухайд эцсийн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчийн гар дээр очих хүртэлх зардлуудыг шингээсэн гэж ойлгож болно. Харин Улаанбаатар хотын үнээс хямд байгаа. Одоогоор аймгийнхаа томоохон худалдааны төвүүд болон гэрээр хүргэлтээр түгээж борлуулалтаа хийж байна. Яах бол гэдэг хүлээлт байсан ч борлуулалт болоод хэрэглэгчийн сэтгэл ханамж маш сайн байна. Үүнээс нэг зүйлийг олгосон. Бид дараа жил эхлээд хэрэглэгчдээс захиалгыг нь урьтаж авах ёстой юм байна гэдгийг. Ингэвэл бид хэдий хэмжээний мах бэлтгэх вэ гэдгээ тооцоолчихно шүү дээ.

Өнгөрсөн жил яг хэдий хэмжээний борцыг бэлтгэв?

Эхний жил учир хашир хандсан, гэхдээ бас хэтэрхий бага байж болохгүй. Өнгөрсөн жилийн хувьд таван үхрээс 170 орчим килограмм борцыг бэлтгэж нөөцөлсөн. Ирэх жил мэдээж энэ хэмжээндээ эсвэл үүнээс илүүг бэлтгэх шаардлага гарах байх. Хэмжээ ихсэх тусам ажлын ачаалал ихэснэ. Дандаа алх, дөшөөр борцоо нүднэ гэж байхгүй. Тэгэхээр уламжлалт аргыг технологийн аргатай хослуулах ямар боломж байгааг одооноос  судалж байна.

Сүхбаатар аймгийн брэнд бүтээгдэхүүн гээд нэрлэчих зүйл хомс. Тэгэхээр магадгүй энэ орон зайг танай бүтээгдэхүүн нөхөж болох юм?

Мэдээж тэгэлгүй яахав. Эхний жилийн туршилтаас бид их зүйлийг олж харж, басхүү суралцаж байна. Цаашид илүү олны хүртээл болгож, Сүхбаатар аймагт үйлдвэрлэсэн “Талын монгол борц”-ыг брэнд бүтээгдэхүүн болгохыг зорьж байна. Нөгөө талаар байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт газартай Сүхбаатар нутгийг жилийн дөрвөн улиралд гадна дотнын жуулчид зорин ирдэг. Эдгээр иргэдэд зориулсан бэлэг дурсгалын зүйл гэвэл Алтан овоо, Шилийн богд хайрханы зураг, Торой бандийг баримлаас өөр нэрлэх зүйл бараг байхгүй. Тэгвэл яагаад стандартын төвшинд савлаж бэлдсэн борцыг бэлэглэж, хэн нэгэнд зориулан худалдаж авч болохгүй гэж. Тэгэхээр цаашид хэрэглээнээс гадны бэлгийн багцыг хүртэл үйлдвэрлэж болох юм гэж бодох болсон. Үүнтэй холбоотой олон сайхан санаануудыг хүмүүс өгч байгаа. Ажил хэрэг болгох боломжтой гэж харж байгаа.

Баярлалаа. Танд амжилт хүсье?

Баярлалаа.

 

Т.Одончимэг