Монгол Улсын аварга малчнаар тодорсон Асгат сумын Дөхөм багийн малчин Аавынхүүгийн Будтай цөөн хором хотонд нь ярилцлаа. Тэрээр 20 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа нэг ч удаа техник ашиглаагүй тогтмол морь унаж, малаа хариулдаг, нүүдлээ тэмээн хөсгөөрөө хийдэг малчин юм.
Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу?
Сайхан хаваржиж байна аа. Өвлийг өнтэй сайхан даваад хаврын улиралтай золгож байна. Зуншлага ч нийт нутгаар сайхан байх шинжтэй байна.
Танд Монгол Улсын аварга малчин гэх эрхэм цолыг хүртсэнд баяр хүргэе. Хэдэн жилийнхээ хөдөлмөрийг ийнхүү үнэлүүлэв?
Баярлалаа. Би бага наснаасаа аав ээжийгээ дагаж мал малласан. Бие дааж мал маллаад 24 жил болж байна. Аав ээжээс өвлөн авсан мал маллагааны арга ухаанаас гадна нутгийн үе үеийн буурлуудаас суралцаж ирсэн. Мал дагавал ам тосодно гэдэг. Өвөг дээдсийн өвлүүлэн үлдээсэн эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж сайхан амьдарч байна. Мөн малынхаа буянаар төрийнхөө хайр ивээлийг хүртэж Улсын аварга гэх эрхэм цолны эзэн болсондоо баяртай байна. Энэ алдар хүндийг дааж авч явна гэдэг маш том хариуцлага юм.
Удмын малчин хүн юм байна шүү дээ та чинь?
Тийм ээ, манай өвөг дээдэс хэдэн үеэрээ мал маллаж ирсэн хүмүүс. Би эхээс гурвуулаа ч малаа дагасан нь би. Удмынхаа малчны амьдралыг залгуулж, авч яваа гэж хэлж болно. Би өөрөө бас гурван хүүхэдтэй. Хамгийн бага хүү маань эхнэр бид хоёрыг дагаж малчин болсон. Тэгэхээр цаашид энэ үүргийг хүү маань гүйцэтгэж, энэ алдар нэрийг баталгаажуулж, цаашлаад илүү ахиулахын төлөө явах ёстой хүн нь дээ.
Та түрүүнд хэлсэн үгэндээ мал маллахдаа техник ашигладаггүй гэж байсан. Магадгүй энэ таны бусад малчдаас ялгарах онцлог, бас таны мал маллагааны арга барил байх?
Тийм ээ. Миний гол онцлог гэвэл би малыг маллахдаа техник ашигладаггүй. 20 гаруй жил мал маллахдаа нэг ч удаа машин, мотоциклоор мал хөөж үзээгүй. Дан морио унаж малаа дагадаг. Мөн тэмээн хөсгийг одоо ч ашигладаг. Жилийн гурван улиралд нүүдэл хийхдээ болон усаа зөөхдөө хүртэл дан тэмээн хөсгөөр явдаг. Өвлийн цагт яалт ч үгүй техникийн хүчийг ашиглахаас өөр байхгүй л дээ. Гэхдээ л тэнгэр хангай тогтуун цаг агаар сайхан байвал тэмээн хөсгөө л хөлөглөчих гээд байдаг хүн дээ.
Одоо ч та өөрөө морио унаад л малдаа давхичихдаг уу?
Тэгэлгүй яахав. Би одоо 50 гаран настай. Хаашаа ч явсан морио унаад л давхичихна. Мотоциклыг ашиглах гэж үзсэн ч сураагүй зүйл болдоггүй юм билээ. Хааяа мотоциклоо унаад худагруугаа явдаг ч ирэхдээ нөгөөхөө худаг дээр орхиод морио унаад л хүрээд ирдэг. Ер нь тэгээд монголчууд эрт дээр үеэсээ мориороо малаа маллаж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд малыг мотоциклоор зарим нь бүр машинаар хөөж, малладаг болж. Үүнд би их харамсдаг.
Мориор хариулсан, техникээр хариулсан мал хоёр ялгаатай юу?
Тэгэлгүй яахав. Асар их ялгаатай. Адаглаад л малын тарга тэвээрэг авах, тамир тэнхээтэй байхаас эхлээд малд хариулга хамгийн чухал.
Таныг бас малынхаа үүлдэр угсааг сайжруулахад их анхаардаг гэж байсан?
Тийм. Тоог бус чанарыг чухалчилдаг болсон цаг шүү дээ. Малынхаа тоог цөөрүүлж, үүлдэр угсааг нь сайжруулах, сүргийн бүтцийг өөрчлөхөд онцгойлон анхаардаг. Үзэмчин үүлдрийн хуц, ангус үүлдрийн бух зэргээр сүргийн бүтцээ сайжруулж байна. Мөн би малаа таван төрөл дээр нь өсгөдөг. Ялангуяа сүүлийн жилүүдэд тэмээн сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Одоогоор 40 орчим тэмээтэй. Өнгөрсөн жилийн мал тооллогоор 1200 мал тоолуулсан. Нийт сүрэгт ямааны эзлэх хувийг 23 хувьд тогтмол барьж сүргийн зохистой бүтцийг бүрдүүлж байна.
Сум орон нутгийн ажилд оролцох, амьжиргааны төвшин доогуур өрх, иргэнийг ажлын байраар хангасан байдал гээд маш олон шалгуураар аварга малчдыг тодруулдаг шүү дээ. Таны хувьд энэ бүхнийг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?
Сум орон нутгийн зүгээс малчдынхаа үгийг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тал дээр чадлынхаа хэрээр ажилладаг. Үүнд би их талархаж явдаг. Нөгөө талаар малынхаа буяныг ганцаараа эдлээд байх биш бусадтай хуваалцах нь хамгийн сайхан гэж би боддог. Тийм ч учраас сум орон нутаг, багийн ажлыг, төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, оролцохыг хичээдэг. Мөн хувиасаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон өрх толгойлсон эмэгтэй гээд жилдээ зорилтот бүлгийн дөрвөн өрхийг тогтмол малжуулж ирсэн. Одоогоор 20 орчим өрхийг малжуулж, амьдралтай нь залгуулаад байна.
Баярлалаа.
Т.Одончимэг