2015 онд барилгын ажил нь эхэлсэн ч тодорхой шалтгаануудын улмаас хоёр гаруй жилийн хугацаанд зогсоод байсан City tower буюу 16 давхар цамхгийн барилгын ажил эхэллээ. Ди Жи прэндс компанийн 100 хувийн хөрөнгөөр баригдаж буй уг бүтээн байгуулалтыг ирэх наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Одоогоор гадна фасадны ажил үргэлжилж байна. Фасадны ажлаа бүрэн дуусгаад дотоод засалруугаа орно, ажил шуурхай үргэлжилж байгаа гэдгийг Ди Жи прэндс ХХК-ийн талбайн инженер Б.Уугандалай хэллээ.
Цамхгийн эхний гурван давхрын нүүрэн хэсэг шилэн, бусад талууд нь чулуун фасад байна. Мөн барилгын цонх болон гадна хаалганууд захиалгаар хийгдэж, үйлдвэрээс гарчээ. Тус барилга дээр одоогоор 50 орчим хүн ажиллаж байгаагийн 10 гаруй ажилтан нь орон нутгийн иргэд байгаа юм. Учир нь гүйцэтгэгч компанийн зүгээс барилгын туслах ажилд зөвхөн орон нутгийн иргэдийг авч ажиллуулж байгаа аж.
Анхнаасаа хувийн хөрөнгө оруулалтаар эхэлсэн уг бүтээн байгуулалтын ажил одоо ч хувийн компанийн 100 хувийн хөрөнгөөр хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл үүнд төр засгийн зүгээс ямар нэг хөрөнгө зарцуулаагүй юм.
Т.Одончимэг