04 дүгээр сарын 30 бол “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр”. Он гарсаар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-т хүүхдийг зодож шийтгэхтэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. Харин хүүхдийн эрхийн гурван зөрчил буюу гурван хүүхэд харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ.
Мөн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл дөрөв бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн бэлгийн хүчирхийллийн зарим нь олон жилийн өмнө үйлдэгдсэн хэргүүд бөгөөд энэ онд илрүүлсэн байна. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг ГБХЗХГ-аас мэдэгдлээ.
Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдрийг угтаж аймгийн ГБХЗХГ-аас жил бүр “Хайрын сар” аяныг нэг сарын хугацаанд өрнүүлдэг. Энэ жил улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэмтэй байгаа учир хүүхдүүдэд тавих хараа хяналтаа илүү сайжруулах шаардлагатай гэж үзэн дээрх аяныг хоёр сарын хугацаатай буюу 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хугацаанд холбогдох газруудтай хамтран олон ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.
Т.Одончимэг