Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЦЭРЭГ ТАТЛАГА ТУСГАЙ ЧИГ ГОРИМООР ЯВАГДАЖ БАЙНА

2020 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын нэгдсэн үзлэг Баруун-Урт суманд явагдаж байна. Цэргийн насны залуучуудын идэвх оролцоо сайн байгаагаас гадна залуучуудын эрүүл мэндийн байдал урьд жилүүдээс сайжирсан байна гэдгийг аймгийн Цэрэг татлагын товчооноос мэдэгдлээ.

Цэрэг татлагын комисс сумдад ажиллаад ирсэн. Залуусын дунд мэс заслын болон ясны гэмтэл, хугарал, сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь ажиглагдлаа. Гэхдээ энэ нь зөвхөн энэ удаагийн үзлэгт орж байгаа залуусын дунд байгаа зүйл. Ерөнхийд нь авч үзвэл урьд жилүүдтэй харьцуулахад цэргийн насны залуусын өвчлөл бага, эрүүл мэндийн байдал сайн байна гэдгийг Цэрэг татлагын товчооны ерөнхий эмч, дэд хурандаа Л.Лувсандорж хэллээ.

Цэрэг татах ажил нь онцгой нөхцөлд, тусгай чиг горимоор явагдаж байна. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах үүднээс иргэдийг нэг дор олноор бөөгнөрөх явдал үүсгэхгүй байхад анхаарч байна. Тодруулбал, сумдыг тусгай цагийн хуваарийн дагуу үзлэгт хамруулж, мөн эцэг эхчүүдийг ирэхийг хоригложээ. Үүнд аймгийн Цагдаагийн газар хяналт тавин ажиллаж байгаа аж.

Нэгдүгээр ээлжид тус аймгийн долоон сумаас цэрэг татаж байгаа. Эхний шатны үзлэг сум сумандаа тусгай зөвлөмжийн дагуу зохион байгуулагдсан юм.

 

Т.Одончимэг