Сүхбаатар аймагт гэр бүлийн хүчирхийлэл өсчээ. 2019 оны эхний дөрвөн сард энэ төрлийн зөрчил 45 бүртгэгдэж байсан бол 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 94 бүртгэгдэн шалгагдаж байна. Гол шалтгаан нь ахуйн хүрээний архидалт ихэссэнтэй холбоотой гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Улс орны хэмжээнд өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буйтай холбоотойгоор архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг ААНБ-ын цагийн хуваарийг богиносгосон. Гэтэл эсрэгээрээ ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үүсэх шалтгаан болжээ. Аймгийн Цагдаагийн газраас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болоод хууль сурталчилах ажлуудыг үе шаттайгаар тогтмол хийдэг ч үр дүн хангалтгүй байгаа юм. Ингэж үр дүн харагдахгүй байгаа нь нөгөө талаар иргэдийн хандлага өөрчлөгдөхгүй байгаатай ч шууд холбоотой. Тиймээс цаашид иргэдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийллийн хор уршгийг гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст ойлгуулан таниулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Т.Одончимэг