Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ДАРЬГАНГА ЗОЧИД БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын 21 аймгаас хамгийн анхны дээд зэрэглэлийн зочид буудлыг Сүхбаатар аймагт барьж, ашиглалтад орууллаа. 2015 онд шавыг нь тавьж байсан энэхүү зочид буудлын барилгын ажил тодорхой шалтгааны улмаас хоёр жил гарны хугацаанд гацаад байсан. Харин өнгөрсөн жил аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжиж, мөн нутгийн бизнесмен залуусын хамтарсан компани хөрөнгө оруулалтыг хийснээр богино хугацаанд бүрэн дуусч, ашиглалтад орсон нь энэ юм.

Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр Дарьганга зочид буудал ийнхүү албан ёсоор өндөр үүдээ нээлээ. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Н.Ганибал, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо. Дарьганга зочид буудлыг цаашид дарьганга өв соёлын төв болгон хөгжүүлнэ гэдгийг аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нээлтийн үгэндээ онцлов.

Дарьганга зочид буудлын гүйцэтгэгчээр Ди Жи Приэндс компани ажилласан бөгөөд тус компанийг 2015 онд нутгийн бизнесмен залуус хамтран байгуулжээ.

Ди Жи Приэндс компанийг Сүхбаатар нутгийн гаралтай бизнесмен залуус хамтран байгуулж, анхны төсөл болох энэхүү зочид буудлаа 2015 онд эхлүүлж байсан бол, өнөөдөр аймаг орон нутагтаа, иргэддээ албан ёсоор хүлээлгэн өгч байна. Үнэхээр баяртай байна. Аймагтаа үйлчилгээний шинэ стандартыг бий болгоё, 21 аймагт байхгүй зочид буудлыг нутагтаа босгоё гэсэн мөрөөдөлдөө бид хүрлээ. Манай компани нутаг орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бий болсон. Тийм ч учраас бид энэ цаг мөчид дараагийн төсөл болох 16 давхар цамхгийн ажлаа эрчимжүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтаа 07 дугаар сарын 01-нд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. Мөн дараагийн томоохон төслөө хэрэгжүүлэхээр  бэлтгэл ажилдаа орсон, 2021 онд албан ёсоор зарлана. Энэ бол гадаад дотоодын олон олон жуулчдын татах бас нэгэн томоохон бүтээн байгуулалт байх болно гэж Ди Жи Приэндс компанийн гүйцэтгэх захирал Т.Баярхүү хэллээ.

Тус буудал нь 43 өрөө, 90 ортой, 300-350 хүний багтаамжтай хүлээн авалтын танхим, 500 хүний босоо хүлээн авалт хийх эвент холл-той, дөрвөн одтой буудлын стандартад нийцжээ. Дарьганга зочид буудал ашиглалтад орсноор орон нутгийн  20 гаруй хүн тогтмол ажлын бартай болжээ.

 

Т.Одончимэг