Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Ж.БАТСУУРЬ: СҮХБААТАРЧУУД 21 АЙМГААСАА ДАХИН НЭГ АЛХАМ ТҮРҮҮЛЖ АЛХЛАА

Сүхбаатар аймагт анхны дээд зэрэглэлийн зочид буудал баригдан, ашиглалтад орлоо. Энэ бол ердөө дөрөв, таван жилийн өмнөх ажил биш. Дарьганга зочид  буудал сүндэрлэх  анхны шанг одоогоос  арван жилийн өмнө татаж байжээ.

Түүх сөхвөл, 2010 онд Улаанбаатар хотын Чингис зочид буудалд Сүхбаатар аймагт хөрөнгө оруулагчдын хөгжлийн чуулганыг зохион байгуулжээ. Тус чуулганд 10 гаруй  орны 300 орчим хөрөнгө оруулагч оролцож, түүнээс хойш Сүхбаатар аймагт хувийн хөрөнгө оруулалтаар хамгийн багадаа 300 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, усан бассейн, хоккейн талбай, Номин худалдааны төв, Зүүн бүсийн худалдааны төв, 2000 орчим өрхийн орон сууцны хороолол гээд өнгөрсөн  хугацаанд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дурдаад байвал их.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, аймгийн асаг дарга асан Ж.Батсуурь дурсан ярихдаа, “Хүүхэд багачууд ахмадуудад зориулсан амралтын төв, тоглоомын талбай, зам талбай зэрэг төрийн үйлчилгээний ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж болдог.  Харин үүн шиг буудал болон бусад үйлчилгээний газруудыг төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй. Тиймээс бид илүү хөгжих боломжийг хайж эхэлсэн. Сүхбаатар аймгийнхаа давуу тал, нөөц ирээдүйг гаднын дотнын хөрөнгө оруулагчдад  танилцуулж байсан нь саяхан мэт боловч 10 жил өнгөрсөн байна. Тухайн үед хэдэн тэрбумаар яригдах хөрөнгө оруулалтууд, тодруулбал долоон тэрбумын өртөг бүхий зочид буудал, 16 давхар цамхаг гээд яг одооны эдгээр бүтээн байгуулалтын ажлуудыг  хийе гэж шийдвэрлэж байсан түүхтэй. Нутгийн дүү нар ч амлалт өгч, энэ том ажлуудыг орон нутагтаа хийе гэж сэтгэл шулуудсан.  Ингээд ажил хэрэг болж эхэлсэн ч харамсалтай нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим ажлууд зогссон. Улмаар хуулийн байгууллагаар шалгуулаад ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэдэг нь тогтоогдсоны дараа буюу өнгөрсөн жилээс зочид буудлын ажил үргэлжлэн хийгдэж богино хугацаанд ашиглалтад орууллаа. Үнэхээр бахархаж бас баярлаж  байна. Сүхбаатар аймаг ирээдүйд далайд гарах төмөр болон авто замын гарцтай болох мөрөөдөлтэй. Үүнийгээ ч биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Харин энэ замаар гадна дотнын олон олон аялагч жуулчид, зочид төлөөлөгчид, урлаг соёлынхон ирнэ. Тэд хамгийн түрүүнд дээд зэрэглэлийн буудал шаардана. Үнэндээ бид өнгөрсөн жилүүдэд ганцхан үүн дээр гацаад байсан бол энэ өдрөөс эхлэн тэдний өмнө нүүр бардам зогсохоор боллоо. Ингэснээр Сүхбаатарчууд 21 аймгаасаа дахин нэг алхмаар түрүүллээ.” гэв.

 

Т.Одончимэг