Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

СҮХБААТАР АЙМГИЙН БЭЛЭГ ДУРСГАЛЫН БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БИЙ БОЛГОНО

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар /БОАЖГ/-аас Сүхбаатар аймгийн бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулах уралдааныг зарлажээ. Хоёр сарын турш үргэлжилсэн уралдаанд 30 гаруй бүтээл ирсэн байна. Эдгээрээс гурван төрөлд шилдгүүдийг шалгаруулах аж.

Тус аймагт жилд 2000 орчим жуулчин ирдгийн ихэнх нь дотоодын жуулчид байдаг. Гэтэл эдгээр аялагч  жуулчдад зориулсан түүх соёл, орон нутгийн онцлог өвөрмөц байдлыг илэрхийлсэн гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хомс. Алтан овоо, Шилийн богд, Торой бандийн баримал, уран зургаас өр нэрлэх зүйл үгүй. Тиймээс орон нутгийн онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалын брэнд бүтээгдэхүүн шалгаруулах уралдааныг зарлажээ. 03 дугаар сарын 18-наас 05 сарын 18-ны хооронд хоёр сарын хугацаанд үргэлжилсэн энэхүү уралдаанд Асгат, Мөнххаан, Баруун-Урт сумын 13 хүн бүтээлээ ирүүлжээ.

Энэхүү уралдааныг анх 2015 онд зохион байгуулж байсан. Түүнээс хойш таван жилийн дараа болж байгаа гэдэг утгаараа ирж буй бүтээлүүдийн чанар, хийц сайжирсан байна. Уг нь бүх сумдаас хамруулах зорилготой байсан ч цаг үетэй холбоотойгоор оролцоо бага байлаа. Гэхдээ хэдий цөөхөн сумаас ирсэн ч чанартай, брэнд бүтээгдэхүүн болохуйц бүтээлүүд ирсэн нь сайшаалтай. Эдгээрээс металл хийц, мод бас чулуун эдлэл, арьс болон эсгий урлал гэсэн гурван ангилалд шилдгүүдийг шалгаруулна. Мэдээж шалгарсан бүтээлийг шууд Сүхбаатар  аймгийн брэнд бүтээгдэхүүн гэж тодорхойлоод, түүнийг нь ирсэн хүн болгон худалдан авна гэвэл өрөөсгөл ойлголт юм. Харин тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нь өөрөө идэвх санаачлагатай байж бүтээлээ цаашид илүү баяжуулж сайжруулах, тогтмол үйлдвэрлэдэг байх, олон тоогоор үйлдвэрлэх хүчин чадалтай байх зэрэг шалгуурт нийцэх ёстой. Ямартай ч манай зүгээс шалгарсан бүтээлүүдийг брэнд бүтээгдэхүүн болгохын тулд өөрсдийн хэмжээнд дэмжиж, хамтран ажиллах болно гэж  аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн П.Ариунболд хэлээ.

Бүтээл шалгаруулах ерөнхий шаардлага нь аймаг орон нутгийн онцлог, үнэт зүйлсийг тусгасан түүхэн уламжлал, одоо ба ирээдүйн эв нэгдэл, цог хийморийг илэрхийлсэн бэлгэдлийг маш оновчтойгоор харуулсан байх юм. Мөн бүтээлийн нэр агуулга, сав баглаа боодол, хэлбэр хэмжээ, орон нутгийн түүхий эд ашигласан байдал зэргийг харгалзан үзнэ.

Уг уралдааныг санаачлагч БОАЖГ-тай аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар, Дарьганга арт ТББ-ууд хамтран зохион байгуулжээ.

 

Т.Одончимэг