Аймгийн ИТХ-аас “Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх журам”-ын дагуу 13 сумын ИТХ-ын 2019 оны ажлыг үнэллээ. 2019 оны ажлаараа 13 сумаа тэргүүлж, Баруун-Урт сумын ИТХ шилдгээр шалгарлаа.
Манай хамт олон 2016-2020 онд нутгийн өөрөө удирдах байгууллагынхаа үндсэн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. 2018 лоны үйл ажиллагаагаа дүгнүүлэхэд хоёрдугаар байрт шалгарч байсан. Тухайн үед дараа жил заавал амжилтаа ахиулна гэдэг зорилтыг бид дэвшүүлэн ажилласан. Үүндээ ч хүрч чадлаа, үнэхээр их баяртай байна. 2019 он бол онцлог жил байсан. Улсын хэмжээнд шинэчлэн найруулж, өөрчлөгдсөн хуулиудын талаарх хэлэлцүүлгүүдийг сумын хэмжээнд сайн зохион байгуулж, иргэдийнхээ саналыг зохих хугацаанд нь хүргүүлсэн. Мөн аймгийн хэмжээний бодлогын ажлууд санаачлан хэрэгжүүлэх, орон нутаг хөгжлийн сан, сум хөгжүүлэх сангуудад хяналт шалгалтыг тогтмол хийснээр ЖДҮ-ийг бодитоор дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, зээлийг яг шаардлагатай эздэд нь олгох явдалд үр дүнгээ өгсөн гэж харж байгаа гэдгийг Баруун-Урт сумын ИТХ-ын дарга Р.Алтаннар хэлэв.
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхыг бэхжүүлэх, иргэдэд ил тод, нээлттэй үйлчилж, идэвх санаачлагатай ажилласан иргэдийн хурлын байгууллагыг тодруулж, үйл ажиллагааг нь илүү идэвхжүүлж бэхжүүлэх зорилгоор дээрх шагналыг жил бүр олгодог юм.
Т.Одончимэг