Аймгийн Жаахан шарга театрын уран бүтээлчид үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор ард иргэдийнхээ дархлааг дэмжих зорилгоор онлайн тоглолтыг анх удаа хийх гэж байна. Тоглолтыг 05 дугаар сарын 29-ны 19 цагаас шууд дамжуулна.
Дэлхий дахиныг цочроосон коронавирусний тархалтаас болж хүмүүс хөл хорионд орж, бүх төрлийн үзвэр үйлчилгээнүүд хаагдан хэдэн сар өнгөрчээ. Гэвч энэ хүнд цаг үед иргэдийнхээ сэтгэл санаа, дархлааг нь дэмжих зорилгоор олон улс орнууд цахим үзвэр үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Тэгвэл энэ жишгээр Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын хамт олон ч мөн өөрсдийн шилдэг бүтээлүүдээсээ түүвэрлэсэн бүрэн хэмжээний онлайн тоглолтыг хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Нийт 40 гаруй уран бүтээлч оролцох энэхүү онлайн тоглолт нь тус театрын хамт олны хувьд анхных гэдгээрээ онцлог.
Энэ удаагийн тоглолт 30-40 минут үргэлжилнэ. Цаашид долоо хоног бүр шилдэг уран бүтээлүүдээ цувралаар хүргэе гэж төлөвлөж байгаа. Ер нь урлаг гэдэг өөрөө аливаа хүнд цаг үед хүмүүсийг сэргээн идэвхжүүлэх, урам зориг, эрч хүч хайрлах зорилготой байдаг. Тийм ч учраас бид онлайн тоглолтыг хийе гэж сэтгэл шулуудан бэлтгэлээ ороод байна. Мэдээж энэ бол зритльтэй тоглолтоос өөр. Тэгэхээр дэлгэцэнд зориулсан шууд тоглолтыг яаж хийх боломжтой вэ, цаашид юун дээр анхаарах шаардлага байна гээд энэ тоглолтоос суралцсан, туршлага хуримтлуулсан олон давуу талууд бий болно гэж харж байгаа гэж Жаахан шарга театрын ерөнхий найруулагч, СТА З.Далай ярилаа.
Т.Одончимэг