Үе тэнгийнхнийгээ манлайлагч, салбартаа тэргүүлэгч, Сүхбаатар аймгийн шилдэг боловсон хүчнүүдийн нэг бол Наянтайн Ганибал. Гэхдээ түүнийг сүүлийн жилүүдэд муугүй улс төрч гэдгээр нь бас хүмүүс андахгүй болж. Эгэл ардын хүү энэ цагийн төрийн жолоог атгалцаж болдог гэдгийн жишээг өөрийн биеэр харуулахаар сэтгэл шулуудан зорьж буй түүний тухай нэгэн дурсамжийг уншигч танд хүргэж байна.
Наянтайн Ганибалын тухайд…
1980-д оны сүүл 90-д оны эхээр дэлхий нийтээр хөдөлгөөнд орж хаа сайгүй өөрчлөн байгуулалтын яриа чих дэлсэж капиталист, социалист нийгмийн дунд томоохон “тулаан”-ууд болж байсан үе байлаа. Монгол улс коммунизм байгуулахын даваан дээр нийгэм тэр чигээрээ үймж эхэлсэн байдаг.
Тэр л үед бидний залуу нас ид дундаа байсан бөгөөд шинэ соргог мэдээ мэдээллийг чих тавин сонсож, амьдран буй орчноо харж, үнэлэлт дүгнэлт өгч, эр зориг гарган сэвэлзэж эхэлсэн ардчиллын салхийг бие сэтгэлээрээ мэдрэхийг хүсч өрнөж буй үйл явдалд нь оролцож явсан бөлгөө.
Тухайн үед МАХН-ын төв хороо бүхний дээр байж улс орныхоо асуудлыг шийддэг үе байсан билээ. Албан байгууллага, сум нэгдлийн даргыг томилохдоо аймгийн МАХН-ын хорооны товчоо захиргааны гишүүдийн хурлаар оруулж нэлээд “хөлсөлж” байж томилдог байсан цаг үе байв.
Ганибалын маань аав Наянтай гуай аймгийн тэргүүлэх сэхээтнүүдийн нэг байсан бөгөөд боловсролын хэлтсийн даргаар олон жил ажилласан, тэр үеийн намынхаа хариуцлагатай гишүүн нь байсан. Гэсэн ч залуучуудын хүсэл мөрөөдөл, ирэх цагийн өнгө төрх, нийгмийн шаардлага зэргийг гойд мэдрэн хүү Ганибалынхаа үйл хэргийг дэмжиж ирсэн буянтай буурал юм. Мэдээж намаас нь элдэв дарамт шахалт ирж байсныг би мэдэх билээ.
Учир нь миний аав ч тухайн үед Сүхбаатар сум нэгдлийн даргын алба хашиж байсан ба намайг ардчиллын үл бүтэх хүмүүстэй нийлж төрийн эсрэг гэмт хэрэг хийгээд байна гэж аймгийн намын хорооноос байнга утсаар дарамталж байсныг тод санаж байна. Бидний аав нар намаасаа ирэх хүнд хэцүүхэн дарамтуудыг хүлээн авч сэтгэл нь зовнин гаднаа зэмлэж байсан ч дотроо дэмжиж байсан гэдгийг хэлмээр байна.
Ийнхүү Ганибал гэдэг залуу хүний эрх, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө өөрийн бие сэтгэлийг эргэлт буцалтгүй зориулсаар өнөөдрийг хүрсэн билээ. Сайн эцэг эхийн буянаар өндөр боловсрол эзэмшиж төрийн байгууллагад олон жил хариуцлагатай алба хашсан бөгөөд аймгийн засаг даргын зөвлөх, ХХААЯ-ны газрын дарга, Зам тээврийн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга зэрэг ажлуудыг хийж явсан тэргүүний сэхээтнүүдийн нэг билээ.
Мэдээж журмын нөхдийн хувьд аливаа асуудлыг хэлэлцэж өөр өөрийн байр суурийг илэрхийлэх явцад санал зөрөлдөх мэтгэлцэх зүйл гардаг. Тэр болгонд уужуу тайван байж олон талаас нь бодъё гээд боломжийн гаргалгаануудыг санал болгож түүнийхээр шийдэж байсан тохиолдлууд зөндөө байдаг.
Уурлаж бухимдаж байхыг нь би огт харж байгаагүй бөгөөд хүнд тус хүргэх, хүний төлөө сайн үйл хийх тал дээр байнга л сэтгэлээ чилээж явдаг мундаг залуу гэж би үнэлж байдаг билээ.
Монголын төрд шинэ үе ирж, эрч хүчтэй эрин цаг үеээ мэдэрсэн шилдэг залуу боловсон хүчиндээ итгэл үзүүлж дэмжих цаг болсон.
Сүхбаатарчууд бид улсынхаа шилдэг аймгаар удаа дараа шалгарч, аль ч аймагт яваад очиход бидний нутгаас санаачлан эхлүүлсэн олон ажлуудыг хуулбарлан хийж буйтай тааралдаж, томоохон хурал зөвлөгөөнд оролцож явах үед бусад аймгийн төлөөлөгчид Сүхбаатар аймгаас ирсэн хүнтэй зургаа хамт даруулъя хэмээж залуучуудын маань хийж бүтээсэн ажлуудыг сонирхож биднээр бахархаж байсан цаг саяхан. Улс, аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Ж.Батсуурь , Н.Ганибал хоёроо багаар нь дэмжицгээе. Сүхбаатарчууд үргэлж хийморьтой мөнхөд илүү байхын ерөөл өргөе. /Ц.Лхамсүрэн 2020 оны 06 дугаар сарын 03/