Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

МӨНХХААН СУМАНД ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН АШИГЛАЛТАД ОРЛОО

Мөнххаан суманд хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орлоо. Тус суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хунт өгөөж” ХХК, Бүдүүн ухаа уурхайн 100 хувийн хөрөнгөөр бий болсон тус цэцэрлэгт хүрээлэн нь аймгийн хэмжээнд анхных гэж хэлж болно. Тиймээс сум орон нутгийн зүгээс цаашид жишиг хүрээлэн болгохоор зорьж байна.

Бүдүүн ухаа уурхай нь жоншны хайгуулын чиглэлээр 2012 оноос хойш Мөнххаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. 50 гаруй ажилтантай цомхон уурхай боловч Сүхбаатар аймагт лицензийн зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд дундаас ганцаараа 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай гэдгээрээ онцлог. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Мөнххаан суманд энэхүү цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлаа эхлүүлж, гурван жилийн хугацаанд үргэлжилсний үр дүнд ийнхүү хүлээлгэн өгсөн юм.

Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сум орон нутагтайгаа тогтмол хамтарч ажилладаг. Түүнээс гадна хүний нүдэнд харагдаж, бусдад үлгэр болохуйц бодит бүтээн байгуулалтыг хийе гэж зорьсон. 2018 онд энэхүү ажлаа эхлүүлээд гурван жилийн хугацаанд хэсэгчлэн ажлуудаа хэрэгжүүлж байсан. Энэ ажилд нийт 200 гаруй сая төгрөгийг зарцуулсан гэж “Хунт өгөөж” ХХК-ийн захирал Б.Бат-Өлзий ярилаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээг сайн хэрэгжүүлдэг компаниудын нэг бол Бүдүүн ухаа уурхай. Ажиллах хүч цөөнтэй, жижиг боловч үйл ажиллагаа нь тогтмолжсон уурхай байгаа. Тийм ч учраас орон нутгийнхаа ард иргэдэд нэн хэрэгтэй, сум орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалтыг дэмжсэн бодит ажил өрнүүлж байгаа энэ хамт олноос бусад уул уурхайн компаниуд үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Нямхүү хэллээ.

Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, сүүдрэвчүүд, хүүхдийн тоглоомын талбай, ахмад настны хөдөлгөөн, чийрэгжүүлэхийн талбай, явган хүний зам, морин эрдэнэ бүхий усан оргилуур, дөрвөн хүчтэний хөшөө, хогийн сав, сандал, харуулын байр, ариун цэврийн байгууламж гээд цэцэрлэгт хүрээлэнд байх бүхий л зүйлсийг энд бий болгожээ.

“Хунт өгөөж” ХХК-ийн Бүдүүн ухаа уурхай нь одоогоор 50 гаруй  ажилтантай. Үүний 40 орчим хувь нь орон нутгийн иргэд аж.

 

Т.Одончимэг