Өнгөрсөн хавраас эхлэн өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа сэдэв бол ноолуур. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг ноолуураа борлуулж байж сая нэг мэдэрдэг малчид энэ удаа тэр мөнгөтэйгөө залгаж чадахгүй өнөөг хүрлээ. Өөрөөр хэлбэл зургаан сар гарах гэж байхад малчид ноолуураа бүрэн тушааж чадаагүй, тушаасан нэг нь мөнгөө олж авч чадалгүй, банкны барьцаанд орж, дансанд мөнгө орлоо гэх таатай мэдээг өглөө босохын маргааш чих тавин хүлээж сууна.
Эргэн сануулвал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Баяндэлгэр, Мөнххаан сумын малчид төр засагтаа, бүр тодруулбал салбарынхаа сайдад итгээд гэрээнд гарын үсэг зурж үл мэдэх компаниудад ноолуураа тушаасан. Тухайн үед ноолуурыг 80-85 мянган төгрөгийн ханшаар ченжүүд авч байсан. Гэвч малчид, Засийн газрын салбарын сайд нь 105 мянгаар авнаа гэж хэлсэн болохоор 20 мянган төгрөг ч хаа байхав гээд ноолуурын худалдааг зохион байгуулагч компанид өгсөн байдаг. Харин тухайн компаниуд малчдын ноолуурыг нь зүгээр ч шууд авчихаагүй. Голж шилж, бүр уутнаас нь 400 граммаас нэг кг хүртэлх хилийг хасч байсан. Гэхдээ үүнийг нь хүлцэнгүй малчид маань хүлээн зөвшөөрч байлаа. Хэдэн өдөр, хэдэн цагаар дугаарлаж байж өгсөн ноолуурынх нь мөнгө долоо хоногийн дараа дансаар нь орно гэхэд ч тэд дургүйцэж эсэргүүцээгүй.
Гэтэл… Гэтэл 04 дүгээр сарын 21-нээс хойш 40 гаруй хоног өнгөрчээ. Дөрвөн сумын малчид 130 гаруй тонн ноолуураа өгөхдөө авч үлдсэн ганц зүйл нь малчин, төрийн төлөөлөл, худалдан авагч компани гурвын хооронд байгуулсан гэрээ. Гэрээг яах гэж байгуулдаг вэ, мэдээж түүнийг дагаж мөрдөж, хэрэгжүүлэх гэж. Тухайн гэрээнд нэг кг ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авна гэж заасан. Гэтэл МУЗГ-аас малчдад олгож буй ноолуурын урамшуулал 20 мянган төгрөгийг нөгөө гэрээнд тусгасан 105 мянгаас хасаад нэг кг-ыг 85 мянгаар үнэлэх тухай яригдаж эхэллээ. Уг нь гэрээ бол гэрээ байх ёстой. Анхны амласан, гэрээ байгуулсан үнээрээ дээрх сумдын малчдын ноолуурын мөнгийг өгөх ёстой. 20 мянган төгрөгийн урамшуулал бол малчин болоод мал бүхий хүн бүрт өгч буй зүйл, тухайн гэрээнээс хамаагүй сүүлд гарсан Засгийн газрын тогтоол. Үүнийг ноолуурын компаниудтай хийсэн гэрээтэй хольж хутгах эрхзүйн үндэс байхгүй.
Малчид ноолуурынхаа мөнгийг хүлээсээр… Ингэж малчдыг хүнд байдалд оруулах болсон шалтгаан нь яг юундаа байна вэ? Салбар яаманд уу? эсвэл тэдэнтэй хамтарсан компаниудад уу??? Үргэлжлэл бий…
Т.Одончимэг