Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт 2017 онд суурилуулсан элэгний В, С вирусын идэвхжил тоологч аппарат ажиллахгүй болжээ. Тодруулбал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын лабораторуудын нэгдсэн холбооны хамтарсан ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалтаар тус аппаратыг чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг гарган 2019 оны 07 дугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон байна.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний вирусын идэвхжлийг орон нутагтаа тоолдог, зориулалтын аппараттай цөөхөн аймгийн нэг Сүхбаатар аймаг боллоо гэж байсан нь саяхан. Тухайн үед аппаратыг 300 орчим сая төгрөгөөр, Итгэл эрүүл мэнд гэдэг компани нийлүүлсэн байдаг. Нэг жил гарны хугацаанд ашиглагдаад, гар ажиллагаа ихтэй, хагас автомат гэдэг шалтгаанаар дахин ашиглагдах боломжгүй болжээ. Учир нь ийм аппаратыг хаана ч ашиглахаа болисон байна.
Тухайн аппаратыг ашиглаж байхад цаг хугацаа их орохоос гадна маш их ажиллагаа шаарддаг байсан. Ер нь манайхаас өөр газарт ийм аппарат ашигладаггүй юм билээ. Тиймээс холбогдох газруудын хяналт шалгалтаар үүнийг зөрчил гэж үзээд үйл ажиллагааг нь зогсоосон. Манай аймгийн иргэдийн дунд элэгний өвчлөл асар өндөр. Тиймээс орон нутагтаа элэгний вирус тоолдог байх нь чухал. Энэ үүднээс АНЭ-ийн зүгээс өөрийн байгууллагад байсан буюу сүрьеэгийн тасагт ашиглагддаг жень эксперт гэдэг аппаратаар өнгөрсөн 02 дугаар сараас эхлэн вирус тоолох шинжилгээг хийж байна гэж АНЭ-ийн лабораторийн их эмч Б.Энхзул хэллээ.
Дээр дурьдсан ажлын хэсгийн хяналт шалгалтын дүнг үндэслэн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн гэж үзэн АНЭ-т даатгалын сангаас олгодог санхүүжилтийг мөн зогсоожээ.
Т.Одончимэг