Аймгийн нэгдсэн эмнэлэгт сүүлийн үед бага насны хүүхдийн ясны хугарал, гэмтэлтэй холбоотой дуудлага тогтмол ирэх болжээ. Хөл гараа болон бусад ясаа хугалсан, гэмтэж бэртсэн тохиолдол өдөрт 2-3 бүртгэгдэж байгаа гэнэ. Гол шалтгаан нь бага насны хүүхдүүд унадаг дугуй, ролик, скүүтерээс үүдэлтэй бэртэл, гэмтлийг их авч байгаа аж.
Урин дулааны цагт хүүхдүүд ихэвчлэн чөлөөт цагаа гадаа өнгөрүүлдэг. Ингэхдээ тэд унадаг дугуй, рольк, скүүтер зэргээр тоглож, түүнээсээ унаж бэртэн ясаа хугалах нь элбэг болсон байна. Мөн сүүлийн хэдэн сар хорио цээрийн дэглэмээс шалтгаалан гэртээ байсан хүүхдүүдийн хөдөлгөөн хязгаарлагдаж, үе мөч хөшсөний улмаас гэнэтийн огцом хөдөлгөөнд амархан бэртэх тохиолдол байгааг ч АНЭ-ийн гэмтлийн тасгийн их эмч У.Бямбаа санууллаа.
Тиймээс гэртээ байх тохиолдолд дасгал хөдөлгөөнийг сайтар хийж, гадаа тоглож наадахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг хэллээ.
Үүнээс гадна насанд хүрэгчдийн дунд ч мөн мотоцикл, мориноос унаж ясаа хугалж, бэртээх явдал цөөнгүй гарч байна гэв.
Т.Одончимэг