ЦЕГ-аас өрнүүлж буй “Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлтийг Баруун-Урт суманд хийлээ. Арга хэмжээний хүрээнд “Яараад яахав дээ” ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлсэн юм. Аймгийн ИТХ, Цагдаагийн газар, Сүхбаатар нэг мөрөөдөл ТББ-ууд хамтран дээрх ажлыг орон нутагт үе шаттайгаар хэрэгжүүлэх аж.
Нээлтийн үеэр 20 гаруй авто машинтай цуваа аймгийн төв замаар явж, өсвөр насны хүүхэд залуучууд иргэд олон нийтэд ухуулах сурталчилгаа, тараах материал тарааж, зохион байгуулагчид хүн бүрийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байлаа.
Улс орон даяар гурав дахь жилдээ өрнүүлж буй энэхүү аян нь өнгөрсөн жилүүдэд үр дүнгээ өгч, улсын хэмжээнд зам тээврийн ослын тоо буурсан гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Эрдэнэсүх онцоллоо. Тэрээр хэлэхдээ, аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хүний амь нас хохирсон ноцтой осол, хэрэг үйлдэгдсээр байна. Ослуудын гол шалтгаан нь бага насны хүүхдэд тавих хараа хяналт сул, эцэг эх асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас болж бага насны хүүхэд амь насаа алдах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох зэрэг нь хамгийн том шалтгаан болж байна гэв.
2020 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн осол 40, нийт 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас долоон хүн нас барж, 10 хүн хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн хоёр нь явган зорчигч байгаа юм.
Т.Одончимэг