Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БАРУУН-УРТ-ДАРЬГАНГА ЧИГЛЭЛИЙН 60 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ

Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг хүлээн авч уулзаж, “Нутгийн зам” төслийн хүрээнд Сүхбаатар аймагт нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийн талаар ярилцжээ.

Улмаар эхний ээлжид Баруун-Урт-Дарьганга чиглэлийн 60 км авто замыг барихаар болжээ. Энэ зам нь Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон зэрэг олон сумыг хамрахаас гадна Сүхбаатар аймгийн хил орчмын болон Дарьгангын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Тиймээс дээрх замын ажлыг Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж, талууд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотоор дайран өнгөрөх Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн Сайншанд-Баруун-Урт-ХөөтТамсагийн чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оноос эхлүүлэх, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийхэд орон нутгийн зүгээс хүн хүчний болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллах хүсэлтийг аймгийн засаг даргад тавьжээ.

 

Т.Одончимэг