Монгол Улсын Ерөнхий сайдын У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-д Сүхбаатар аймгийн BBS телевизийн бүтээл шилдгээр шалгарлаа.
Тодруулбал, орон нутгийн телевиз, радиогийн үндэсний шилдэг бүтээлийн төрөлд тус телевизийн “Ээмэг хонгор” бүтээл тэргүүн байрыг эзэлсэн юм. хурдны өлгий нутаг Сүхбаатар аймгийн шилдэг хурдан хүлгүүдийн нэгнийх нь тухай өгүүлэх уг баримтат бүтээл нь телевизийн уран бүтээлчдийн хамтын бүтээл юм.
Уралдааны шагналыг хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж баяр хүргэсэн ба тэрээр оюун санааны дархлаа бол тусгаар тогтнолын баталгаа гэдгийг тодотгоод үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн бүтээлийг нэмэгдүүлэх, ард иргэд, ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээлийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Шилдэг бүтээлүүд нь ёс заншил, түүх, уламжлал, өв соёлыг орчин үеийн чиг хандлагатай хослуулан илэрхийлсэн, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдолтой, эх оронч үзэл, бахархлыг төлөвшүүлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, боловсрол олгох, сурган хүмүүжүүлэхэд чиглэсэн байх ёстой юм. Шилдэг бүтээл болон шилдэг бүтээл бүхий радио, телевизийг жил бүрийн Сар шинийн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шалгаруулна. Шүүгчдийн комиссыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, редактор Г.Золжаргал ахлан ажилладаг аж.
Т.Одоничимэг