Сайтынхаа энэ удаагийн ярилцлагын буланд “Сүхбаатар хөгжил” ҮТП-ын захирал О.Батсайханыг урилаа. Түүний хувьд дээрх ажлаас гадна ЖДҮ, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн, дэмжиж ажилладаг ТББ-ыг мөн хариуцдаг. Ер нь эрхэлж буй ажлууд нь бүгд эцэстээ нэг зорилготой. ЖДҮ-ийг хөгжүүлэх замаар аймаг орон нутгаа хөгжүүлэх. Харин үүнийг хэрэгжүүлэхийн тулд удирдаж буй хүн өөрөө мэдлэг, мэдээлэл сайн байх учиртай. Мэдээлэлтэй гэдэг нь ч мэдрэгддэг. Ингээд түүнтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг уншигч танд хүргэе.
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе?
Сайн, сайн байна уу. Юуны өмнө орон нутагтаа үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа шинэхэн сайтынхаа уншигчдадаа мэнд хүргэе. Мөн танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Энэ удаагийн ярилцлагыг би таны ажилтай холбохоос илүүтэйгээр О.Батсайхан гэдэг хувь хүний үзэл бодол, ирээдүйн талаар ярилцмаар байна. Эхний асуулт. О.Батсайхан гэж яг хэн бэ?
Хувь хүн талаасаа бол тодорхой хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, эх орноо батлан хамгаалах үйлсэд хүчин зүтгэсэн, тодорхой хугацааны дараа нутагтаа шилжин ирж, аймаг, орноо хөгжүүлэхэд сурсан мэдсэн зүйлээ хуваалцаж хамтдаа хөгжье, нутаг орон маань Монгол улсдаа уламжлалт мал аж ахуй, шинжлэх ухаан дээр тулгуурласан инноваци шингэсэн шинэ брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэй, хөгжлийн загвар бүхий дэд бүтэцтэй, хөгжлийн баримт бичиг нь ч гэсэн түүнтэйгээ уялдсан байгаасай гэж бодож, ажлыг хийж хэрэгжүүлэхийн төлөө зорьж тэмүүлж, олон зүйлийг хүсэн мөрөөддөг, мөрөөдөл нь дуусдаггүй л хүн гэх юм уу даа. Хүн өөрийгөө тодорхойлохоосоо илүүтэй хамтран ажиллаж байгаа болон байсан баг хамт олон, найз нөхөд, гэр бүл, ойр дотнынхон маань намайг илүү тодорхойлох болов уу гэж бодож байна.
Таныг ажиглаад байхад хэт зарчимч, өөрийн бодолдоо тууштай юм шиг санагддаг. Энэ зан чанарын үр дүн нь яг яаж илэрхийлэгдэж байна?
Зарчимч зан бол намайг Цэргийн сургууль төгсөөд Зэвсэгт хүчний анги салбаруудад алба хашиж байх хугацаа буюу 14 жил сурч, ажиллахад суусан юм болов уу. Буруу зүйл, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй, юмыг цаг хугацаанд нь хийхээс гадна цаг баримтлах гэдэг бол ерөөсөө л хариуцлагын асуудал юм. Ер нь хүн аливаа зорьсон зүйлдээ тууштай л байхгүй бол юм юм руу үсчээд байвал хярамцаг л болно. Үр дүн ч гарахгүй. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, төр, бизнесийн ямар ч ажил тийм л байдаг.
Цахим орчинд улс болоод аймаг орон нутгийн нөхцөл байдлын болохгүй байгааг нэлээн шүүмжилдэг. Харамсалтай нь түүнийг өлгөж авах нь ховор юм шиг надад санагддаг л даа. Та хэт томруулж яриад байна уу, эсвэл хүмүүсийн сэтгэхүй жижиг байна уу?
Хүн ер нь тэгээд өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн цар хүрээ тэр хэмжээгээрээ сэтгэдэг юм уу даа гэж хардаг. Аливаа зүйлийг шүүмжлэх гэхээсээ илүүтэй онолын хувьд ч тэр амьдрал, практик дээр ч тэр болохгүй, боломжгүй зүйлийг хийх гээд байхаар дуугүй байж чадахгүй юм. Гэхдээ юм болгон дээр дуугараад байдаггүй, болж бүтэж байгаа зүйл дээр бол дэмжээд, ажиглаад байж чаддаг. Мэдэж байгаа зүйлээ бусадтай хуваалцаж хамтдаа л хөгжих ёстой гэж хардаг. Багийн манлайллын хувьд ч тийм байдаг. Нутаг орон маань өнгөрсөн 4 жил шиг ийм байж ч арай болохгүй байх аа юу ч хийхгүй 4 жил өнгөрлөө. Боломж бол их байлаа. Иргэд болон бизнес эрхлэгчдийн энэ том хүн хүчний нөөц, боломжийг хөгжлийн зөв чиглэлд чиглүүлэх, ашиглах л хэрэгтэй байсан. Миний нэг хэлсэн онч үг маань нүүр номд нэлээдгүй хүмүүст хүрэх шиг болно лээ “Болгоомжлолд баригдалгүй нээлттэй байх нь хөгжил, ойлголцол юм” нээлттэй байж, ойлголцож, хөгжлийн төлөө хамтран ажиллах л хэрэгтэй.
Бодлого, зөв төлөвлөлт яриад жишээ нь таны хариуцдаг салбарт үр дүн гарч чадаж байна уу?
2015 оноос эхлээд баялаг бүтээгчид буюу жижиг, дунд үйлдвэрлэгчдээ төлөөлөөд нэлээдгүй хурал, зөвлөгөөн, сургалт, хэлэлцүүлгүүдэд оролцоод үйлдвэрлэгчдийнхээ дуу хоолойг тогтмол хүргэж байна. Өнгөрсөн хугацаанд төр, бизнесийн байгууллагууд, иргэдийн хувьд хандлагын өөрчлөлтүүд гарахаас гадна хамтдаа хийж хэрэгжүүлсэн ажлууд ч нэлээдгүй бий. Энэ жилийн хувьд бол Covid-19 гээд цар тахал бизнес эрхлэгчдийн бизнесийн мөнгөний эргэлт буюу цусны эргэлтэд нэлээд чөдөр тушаа болох шиг боллоо. Зөвхөн Монгол гэлтгүй Дэлхий нийтийн хувьд ч тийм байна. Зохих арга хэмжээнүүдийг ч авч байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд бид төр засгийн шийдвэр гаргалтад хууль эрх зүйн хувьд хамтарч ажиллаж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтын сувгийг нь дэмжих зорилгоор үзэсгэлэн худалдааг үе шаттайгаар зохион байгуулж нэлээдгүй хамтарч ажилласан үр дүнгээ ч өгсөн. Гэхдээ бидний хүссэн, бодсон, зорьсон хэмжээнд хүрэх болоогүй удаан байна. Цаашлаад одоо томоохон шийдэл, шийдвэрүүдийг гаргах талдаа аймгийнхаа тодорхой зах зээлийн хүрээг тэлэх үүднээс төсвийн мөнгө харж суулгүй өөрсдөө санаачлаад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, уул уурхайн ухаад дуусдаг баялгийг нөхөн үрждэг хөдөө аж ахуйн баялаг бүтээгчид буюу малчдынхаа үйлдвэрлэлийн салбар луу түлхүү шилжүүлэх, баялаг мах, сүү, арьс ширний борлуулалтын асуудлыг шийдвэрлэж хөрөнгө босгож уялдаа холбоотой төр засагтайгаа хамтран ажиллах тал дээр ярилцаж дорвитой ажиллах бэлтгэл ажлыг ч хийж байна. Мөн үйлдвэрлэлийг дэмжих зээл, хөтөлбөрүүдийг жинхэнэ баялаг бүтээгчид нь хүртээх, олгох, эрдэм, шинжилгээ, инноваци шингэсэн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх тал дээр ажиллах гээд хөгжлийн олон асуудлууд бий
Та нийгмийн бүхий л салбарын талаар өөрийн хэмжээнд ярьдаг. Ер нь та яг ямар мэргэжилтэй хүн юм бэ?
Миний хувьд Эх орондоо тангараг өргөсөн цэргийн мэргэжлээрээ “Ерөнхий цэргийн командын офицер”, энгийн мэргэжлээрээ “Төрийн захиргаа удирдлагын менежер”, “Бизнесийн удирдлагын магистр”, “Удирдахуйн ухааны докторант” хүн учраас уншиж судалсан салбарынхаа хүрээний асуудлыг л ярьж, хэлж, санал солилцоод бусадтайгаа хуваалцаад байгаа юм л даа.
Хамгийн сүүлд та нүүр хуудсандаа бүтээмжийн талаар дурдсан байсан. Тэгвэл Сүхбаатар аймагт нийгмийн бүхий л салбарт энэ бүтээмж гэдэг зүйл байна уу?
Хүн бүр л энэ ажлыг би хийж чадаж байна мэдэж байна, болж байна гэх байх гэтэл төрийн байгууллагаас бизнесийн байгууллага ажлын бүтээмжээрээ яагаад илүү байгаад байна гэхлээр ажлын гүйцэтгэл, хийсэн бүтээснээр нь тухайн хүнийг цалинжуулж, урамшуулах нь оновчтой учраас тэнд хүсэл, эрмэлзэл, сэтгэл байгаад байгаа юм. Хөгжсөн улс орны жишиг, загвар ч тийм л байна. Бүрэн ашиглаагүй үлдсэн бүтээмжийн нөөц байнга дутуу л байдаг. Одоогийн нөхцөлд хүмүүс амар хялбараар цаг нөхцөөж сул цалин авч ширээний ард суугаад толгой өвтгөхгүй буюу ухаан зарахгүй, гараа хөдөлгөхгүй бүтээмжгүй, ажлын гүйцэтгэлгүй амьдрах гээд байх юм. Яг энэ сонирхол дээр нь улс төрийн амлалтаар халамжийн бодлого явахлаар хүнсний талон гэгчээр амар хялбар амьдруулах гээд энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл манай орны хувьд ядуу буурай Африк орны араас ороход бэлэн ирээдүй бидэнд харагдаад байгаа юм. Хүн гэдэг чинь тэжээвэр амьтан биш шүү дээ гэдгийг бодох ёстой. Үүнээс шалтгаалаад бодит байдал дээр манай аймгийн болоод улсын хэмжээнд хөгжлийн садаа болсон ажиллах хүчний бодит хомстолд ороод байна.
Бүтээмж гэдэг чинь төр, хувийн хэвшлийн аль ч шатанд байдаг “Нөөцийг гарц болгон хувиргах, өмнөхөөсөө илүү их гарцыг үйлдвэрлэх чадвар юм” л даа. Онолын хувьд тэгэхлээр бидэнд илүү их бүтээмжийн нөөц бололцоо байдаг бид түүнийгээ олж хардаггүй, дайчилж ажилладаггүй. Одоогийн байгаагаа болж байна гээд сэтгэл ханах гэдэг асуудал болоод байна л даа.
Саяхан УИХ-ын чуулганаар Монгол улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийн баримт бичгийг хэлэлцэж байхдаа “Бүтээмж”-ийн асуудлыг их тойруулаад яваад байна лээ. Тиймээс цахим орчиндоо санаа бодлоо нээлттэй хэлсэн юм. Монгол улсын хөгжил, бидний ирээдүйн чухал бичиг баримтыг хэлэлцэж батлах гэж байж тэгж тойруулаад давхиад байж болохгүй л дээ.
Яг үнэндээ би ч төрийн болоод зарим ТББ-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Нэг үгээр хэлбэл ажлын бүтээмж муутай гэж дүгнэдэг гэх үү дээ. Ажлын бүтээмжгүй болохоор л иргэд өөрт хэрэгцээт үйлчилгээг хангалттай авч чадахгүй болно гэсэн үг. Үүнийг залруулах арга зам таныхаар?
Тийм зүйл бий. Манай ТББ-д хамтдаа нэгдэж, эрх ашгаа хамгаалуулж багаар ажиллах тал дээрээ туйлын дутагдалтай байгаа үүнийг хүлээн зөвшөөрнө. Төр гэдэг чинь бүхнийг олж хардаг институц биш шүү дээ. Тиймээс хамтраад л ажиллах ёстой дутуу орон зайг нь харж хэлж байх ёстой. Ямар ард түмэн байна тийм л төр байдаг гэж үнэн. Бид иргэдийн оролцоогоороо шахаж шаардаж ажиллах хэрэгтэй.Бүтээмжийг нэмэгдүүлэх талаасаа бол бид аль ч талдаа анхаарч сургалт явуулж, хөгжих, шинэ технологиудыг нэвтрүүлэх, төр, бизнесийн байгууллага, иргэн бүр өөрчлөлт шинэчлэл хийж шинэ шатанд гарах, харах өнцгөө өөрчлөх цаг нь болсон. Том, өргөн хүрээтэй асуудлыг товч, тодорхойгоор шууд ингэж л хариулъя. Арга зам нь ердөө л багаар ажиллах, хамтын ажиллагаа юм.
Яалт ч үгүй энэ сэдвийг ярихаар таны ажилтай холбогдоод байна л даа. Одоо таны хариуцан ажиллаж байгаа Сүхбаатар хөгжил ҮТП-ын бүтээмж, нөхцөл байдал ямар байна?
Өмнө нь энэ асуудлаар ҮТП-ын нөхцөл байдал, өмнөх удирдлагын менежментийн алдаа, санхүүгийн хүндрэлтэй байдал, үр ашиггүй ажиллахаас гадна өр төлбөрт оруулсан асуудлыг хэлж байсныг та бүхэн телевизээр үзэж, харж л байсан байх, 1 жилийн хугацаанд уг байгууллагыг удирдаж ажиллалаа. Менежментийн зохих арга хэмжээг авч зарим өрнөөс нь салгалаа. Өмнөх хоёр жилийн хугацааны хуримтлагдсан байсан нэлээдгүй өрнөөс нь үлдсэн зүйл ч бий. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 01-ээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа.Одоо байгууллагын хувьд цомхон бүтцээрээ менежмент хийгээд явахад байгууллага цаашид бүтээмжтэй үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон.
Хэсэг хугацаанд удирдсан хүний хувьд байгууллагынхаа ирээдүйн хөгжлийг хэрхэн томоор төсөөлж, төлөвлөж байна?
Би түрүүнд хэлсэн дээ. Төр, орон нутгийн байгууллагын хамтын ажиллагаагаар өмнө нь үүссэн байсан санхүүгийн асуудлыг нь шийдээд явах юм бол байгууллагад ихээхэн ирээдүй, боломжууд бий. Тиймээс дараагийн удирдлага хэрхэн олж харж авч явахаас шалтгаална. Байгууллагын хувьд бүсийн болоод улс орны хэмжээнд цаашлаад хилийн чанадад хүрч ажиллах боломж бий.
Үүндээ хүрэхийн тулд хэрхэх ёстой вэ?
Ирээдүйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдрөөрөө харалгүй гадаадын болоод дотоодын том зах зээлд нэвтрэх, инноваци шингэсэн шинэ үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, уул уурхайн шавхагддаг баялгийн хөрөнгийг үйлдвэрлэл рүү шилжүүлэх, малчдын мал, мах, дайвар бүтээгдэхүүний нөхөн үрждэг баялгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээс гадна, гадаадын зах зээлийн эргэлтэд оруулах, зах зээлийнхээ жамаар ажлын байр олноор бий болох гээд ирээдүйтэй салбар даа. Бид өнөөдрөөрөө амьдарч болохгүй гэдгийг л хамгийн сайн ойлгох хэрэгтэй байгаа юм.
Баярлалаа.
Т.Одончимэг