Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ЗАЛХСАН СОНГОЛТОО ЗАСАЖ ЧАДСАН СҮХБААТАРЧУУД

2020 оны 06 дугаар сарын 25. Нар хур тэгширсэн зуны дэлгэр өдөр. Монгол орон даяар ээлжит сонгууль өндөрлөж, хүн бүр амсхийсэн, нэг тийм амгалан, тайван өдөр. Шинэхэн төрийн түшээдээ сонгох хариуцлагатай сонгуульд Сүхбаатарчууд идэвхийлэн  оролцож, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэхээс өмнө санал авах байрны гадаа дугаарлан зогсож, санал хураалтын ирцээрээ улсдаа тэргүүллээ.-

Сүхбаатар аймгийн 64 хэсгийн хороонд үргэлжилсэн санал хураалт элдэв хэрүүл маргаан, мафаангүй болж өндөрлөв.

УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрог Сүхбаатар аймагт энэ удаа зургаан нам  эвслээс 10 нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн 70,4 мянган сонгогч тэднээс зөвхөн хоёрт нь итгэл хүлээлгэж, төрд илгээх ёстой. Харин тэр итгэлийн эзэд нь АН-аас нэр дэвшигч Ж.Батсуурь, Н.Ганибал нар байлаа. Өрсөлдөгчдөө илт давуу ялсан тэд ирэх дөрвөн жилд төрд Сүхбаатарчуудын дуу хоолой, гүүр нь болж ажиллах нь. Сүхбаатар аймгийн түүхэнд анх удаа АН цэвэр ялалтыг авч буй нь энэ. Олон жил МАН-ыг үнэнчээр сонгож ирсэн иргэд залхсан сонголтоо ийнхүү засаж чадлаа. Учир нь иргэд худал хоосон амлалт бус  хийж чаддаг нэгнийг үнэхээр үгүйлж.

Сүхбаатарчууд мөн энэ даагийн сонгуульд анх удаа хамгийн өндөр ирцтэйгээр буюу 81,7 хувийн ирцтэйгээр оролцсон. Энэ нь иргэд шинэчлэлийг хүсэж буйн илрэл бөгөөд сонгуульд оролцохын ач холбогдлыг мэдэрч ойлгосных биз.

21 аймгаас ганцаараа цэвэр ялалт байгуулж, цэнхэртүүлж чадсан Сүхбаатарчууд сонголтдоо сэтгэл хангалуун байна. Энэ бол нэг талаас нэр  дэвшигчдийн уналт, босолт хосолсон олон жилийн хичээл зүтгэл, хөдөлмөр нөгөө талаас сонголтдоо сэтгэл гонсгор үлддэг иргэд сонгогчдын эрс шинэчлэл хийхийг хүссэн томоос том мөрөөдөл юм.

Мөрөөдөл яллаа. Харин ялалтыг ахин дахин баталгаажуулж, биелүүлэх их хариуцлагыг тэдэнд үлдээлээ. Тэд ч үр дүнг нь шат дараатайгаар мэдрүүлж, харуулна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Ж.Батсуурь, Н.Ганибал нар бол Алтан дарь овоондоо ивээгдсэн, адтай аавын хөвүүд юм…