Эх орны минь наран мандах зүг, төрөлх нутагт минь дэлгэр сайхан зун болж байна. Бум бужигнаж, түм түжгэнэсэн өдрүүд хөвөрсөөр…
Аймаг, сумдын төвөөр сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж, иргэд ч гэсэн хэнийг дэмжиж, УИХ-д гаргахаа дор бүрнээ боджээ. Гэхдээ тэд хэнийг вэ, бас аль намыг вэ? Монгол Улсад 90 гаруй жил ноёлсон зүүний үзэлт намыг уу, аль эсвэл төрд хүргэх үгээ хэнээр ч заалгахгүй хэлдэг, хувьдаа малтай, өмчтэй байх эрх чөлөөг авчирсан ардчиллыг уу?
Сүхбаатарчууд Ардчилсан намаас УИХ-д 2012 онд ганц М.Зоригтыг л сонгож байлаа. Түүнээс өөр АН-аас бараг хүнийг сонгож байсангүй. Уг нь аймагт АН нь эрх барьж байхад Монгол Улсын шилдэг аймаг ч болж байв. Тэгвэл Сүхбаатарчууд энэ удаагийн сонгуулиар хийсэн, бүтээснээ нотолчихсон шинэ залуусыг багаар нь сонгохоор шийджээ.
“Хамтын зүтгэл, Хөгжлийн гарц”. Энэ үгийг хотын зам даган байрлах сурталчилгааны самбаруудад хоёр нэр дэвшигч уриагаа болгон бичжээ. Утга учиртай, чихэнд сонсголонтой үг гэмээр. Монгол Улсын иргэн бас сэтгүүлч хүнийхээ хувьд ингэж хэлмээр санагдлаа. Уг уриаг АН-аас нэр дэвшиж буй Ж.Батсуурь, Н.Ганибал нар бодлогынхоо илэрхийлэл болгон сонгожээ.
Сүхбаатар аймагт энэ удаагийн сонгууль маш өрсөлдөөнтэй, аавын хүүгийн ухаан бодол, жинхэнэ шандсыг нь сорьсон урьд өмнө байгаагүй онцлог сонгууль болох нь. Яагаад гэвэл энэ аймаг ердөө хоёрхон мандаттай. АН, МАН, Та бидний эвсэл, Шинэ эвсэл, Зөв хүн электрод эвсэл, Зон олны нам зэрэг улс төрийн хүчнүүдээс өрсөлдөж буй нэр арван дэвшигчийн хоёр нь л ялалт байгуулна.
Тэгээд ч 12 дугаар тойрогт хатуу самрууд хоорондоо өрсөлдөж байгаа. Учир нь, МАН-аас Т.Ганди, З.Энхтөр, АН-аас Ж.Батсуурь, Н.Ганибал, Шинэ эвслээс Ай.Төмөр-Очир, Н.Лхагвасүрэн, Та бидний эвслээс сэтгүүлч Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр, Зөв хүнээс электродаас Р.Энхтуяа, Зон олны намаас Ж.Мөнхзаяа гээд нутгийн уугуул бүгдээрээ өөр өөрийн гэсэн намтар түүхтэй, хэн хэндээ ширүүхэн өрсөлдөгчид.
Иргэд улс төрийг өөрөөр хардаг болж. Ингэхдээ тэд сонгосон төлөөлөл нь УИХ-д гараад нам нь олонх болсон ч нутаг орныхоо төлөө дорвитой юм хийж чадахгүйг мэдэрч байна. Тэр бүү хэл сонгоод сонгоод хэлсэндээ хүрдэггүй, худал ярьдаг хүмүүсийг жигшиж сууна. Өмнө нь сонгосон төрийн төлөөллийг муулж байгаа юм биш. Гэхдээ олон жил Сүхбаатарчуудын төлөөлөл болж, УИХ-д морилсон Ч.Улаан өнгөрсөн жилүүдэд Сүхбаатар аймагт нүдэнд харагдтал “энэ түүний хийсэн ажил” гээд үзүүлэх юу хийсэн бэ???
Тэр ч үүднээс Сүхбаатарчууд одоогийн сонгуульд шуудхан хэлэхэд АН-аас нэр дэвшиж буй Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг багаар нь дэмжиж байгаа бололтой.
Ж.Батсуурь, Н.Ганибал нарт Сүхбаатар аймгийнхан ингэж их итгэл хүлээлгэж, найдвар тавьж буйн шалтгаан нь, нэгд уг нэр дэвшигчид Сүхбаатар нутгийн унаган хүүхдүүд. Өнөөг хүртэл аймаг орон нутагтайгаа ажил амьдралаа холбосон тэд хэн хүнээс илүү нутгаа мэднэ. Мэднэ гэдэг нь зүгээр ч нэг мэдэхийн нэр биш. Ард иргэдийн ахуй амьдрал, баг, сумдын хөгжил дэвшил одоо ямар байгаа, цаашид яах ёстойг тэд л мэднэ. Хоёрт, тэд Сүхбаатар аймгийн өнөөгийн хөгжлийн хөтөч нар. Цаашид ч илүү ихийг хийх жинхэнэ хамтрагчид, Тиймээс аймаг сумдаа хөгжүүлэх 10-15 жилийн төлөвлөгөөгөө ч гаргаад амжжээ. Энэ төлөвлөгөөний хэрэгжилтийг иргэд харахыг хүсч байна. Харин энэ хүслээ Сүхбаатарчууд өөрсдийн дэмжлэг, саналаараа биелүүлэх боломжтой гэдгээ хэдийн олж харжээ…