Мөнххаан сумын улсын тэргүүний сургуульд арван нэгэн жил ажилласан миний бие 1987 оны зун аймгийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар Сургалт заах аргын кабинет хэмээх Сүхбаатар нутгийн дунд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, сайхан хичээл заадаг, сайн багш нарыг олон болгох үндсэн зорилготой байгууллагын мэргэжилтнээр суга дэвшин томилогдож Боловсролын хэлтсийн ГАЗ-53 машины тэвшин дээр гэрээ ачиж ирээд Баруун-Урт хотын зүүн дэнж дээр хайж эрж олсон хамаатныхаа хашаанд ханаа дугуйлж байхад тавдугаар ангийн бололтой танихгүй жаахан шар хүү “Аав танай гэрийн юмыг зөөлц гэж явууллаа” гээд хойно урд ороод, хүүхдүүдтэй минь цуг гүйж явсан, эдүгээ төр засгаа төвхнүүлэх, том сонгуульд намаа төлөөлөн нэр дэвшин өрсөлдөж буй тус аймгийн Асгат сумын харьяат боловсролын бурхан удирдагчдын нэгэн Гочоогийн Наянтай гуайн отгон хүү Ганибал билээ. Ганц ахыгаа бараадаж Бор-Өндөрийн уурхай руу шилжих өргөдөл өргөөд, аймгийн намын хорооны дарга Д.Цэрэн өөрийнхөө аппаратад ажилд авна гээд байсан болохоор аав нь ардын боловсролдоо авч үлдэх санаа агуулан аймгийн төвд татан хажуудаа авчраад, харгалдаа суулгасныг хэзээ хойно мэдсэн, алдрай хүү нь ачаа бараа зөөлцөөд гүйж явсан гэгээн түүх хөгшин залуу бидэн гуравт байнам. Аав нь “Мөнххаан сумаас мундаг сайн багш ирнэ” гэж хүүдээ ихэд хэтрүүлэн намайг ойлгуулснаас жаахан хүү жигтэйхэн бишрэн харж байсан гэсэн. Хамаатан садан цөөнтэй, хүн бүл багатай надад хүүгийн зүтгэл хөөрхөн дэм болсныг үл мартнам.
Хувь заяаны төөргөөр, хүний амьдралын тохиолоор хоёрхон жилийн дараа хөөрхөн хүүтэйгээ нэг байшингийн, нэг орцны “хамууд” болсон түүхтэй. Энэ түүх бас түүний аавын оролцоотой эхэлсэн. Сургалт заах аргын кабинетад орос мэргэжилтэн ажиллах олон жилийн уламжлалтай. Би хүртэл хоёр жил хоёр орос бүсгүйн цүнх баригч байлаа. За худлаа заллаа, эмэгтэйчүүд цүнхээ юу гэж эр хүнд бариулахав, бараа бологч, бараадан дагагч байсан. Энэ хоёр орос бүсгүйн буянд миний хэдэн хүүхэд орос хувцсаар багадаж багтахгүй болтол гангарсан шүү. Зах зээлийн нийгэм эхлэх мөчид орос мэргэжилтэн нутаг буцаж, амьдарч байсан ганц өрөө байранд нь аядуухан чимээгүй орохыг Ганибалын аав зөвлөснөөр манайх хэдэн нялх хүүхдээ чирээд харуй бүрийгээр арван жилийн орон сууцны айл болсон доо. Түүнийг аравдугаар анги төгстөл, арай сүүлд аймагтаа ажиллаж байхад, аав ээжийг нь улсын нийслэл Улаанбаатар уруу нүүтэл миний сэтгэлээс манай орцны хүү гэсэн эерүү бодол салаагүй, одоо ч тэр хэвээр түүх болон тодхон үлдэж байна. Манай зэргэлдээх хаалганд энэ аймгийн Засаг даргын орлогчоор 2008-2016 онд ажилласан Д.Хосбаяр хүү, дүүтэйгээ, хүүтэйгээ бүгд хүн болж өндийсөн. Арван жилийн сургуулийн 52 айлын орон сууцны хороолол дундаа манай орцны хүүхдүүд мөртэй нэртэй, муугүй амьдарч явааг дуулаад буурал багшийн толгойд бяцхан омогшил төрөх бөлгөө.
Н.Ганибал хүү багаасаа тооны хичээлд сайн, сагсан бөмбөгд дуртай нэгэн байв. Биеийн тамирын заалнаас салдаггүй бацаан, багшийн ширээнээс холддоггүй тоочин байсан гэсэн үг. Долоодугаар ангиасаа арван жилийн багш нарын 52 айлын орон сууцны Ц.Баярбат, Б.Жавхлан /УИХ-ын гишүүн/, Г.Батболд нарын найз нартайгаа нийлээд аймгийнхаа ах нарыг шороо үмхүүлж, шургаж ойчтол олонтаа хожиж байсан удаатай. Өнөөдөр нутгийн бизнесийн салбарын өнгөнд зүтгэж яваа Б.Цогтсэргэлэн зэрэг найз нартайгаа нэг баг болон өсвөр үеийн сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд зүүн бүсээсээ шалгаран шигшээ тэмцээнд Дарханд очин хотын хэдэн багийг хараахан баралгүй тавдугаар байр эзэлж байсан аж. Аравдугаар анги төгсөх жилээ улсын математикийн олимпиадын сүүлчийн даваанд мөн Дархан хотод очиж уралдаж баараггүй хүрэл медаль хүртэх болзол хангасан авч барцад тохиолдоод, бага зэрэг аз дутсан удаатай. Яасан ийсэн гэвэл, багшдаа бодсоноо тайлбарлаад баттай хүрэл медаль дээр буужээ гээд баяртай сууцгааж байтал дүн гарахад байдаггүй, шүүгчдийг алдана гэж бодоогүй, эхний жилээ олимпиадад оролцсон, шинэхэн төгссөн, залуу багш М.Эрдэнэ засаж дүгнэсэн эрдэмтдийн өрөө рүү заамдахаас буцахгүй давхиж орж, олимпиадын комиссын гишүүд багшийн тайлбарыг сонсоод алдаагаа ойлгосон ч “Танай хүүхэд жишлэгийн тэмдэглэгээг жинхэнэ тодорхой хийгээгүй байна. Үнэндээ одоо засах аргагүй, үнэмлэх диплом бичигдээд дууссан, орж ирсэн тань оройтсон байна” гээд сурагч багш хоёрын сайхан авьяас сайтар нягтлаагүй дүнгээр саарсан удаатай.
Ингээд олимпиадын комисс багш шавь хоёрыг аргадан Монгол улсын шинжлэх ухааны академийн дэргэд байгуулагдсан эх орны ирээдүйн шилдэг эрдэмтдийг төрүүлэн төвхнүүлэх зорилготой үүрэгтэй, оюун ухаанаараа оройлсон хүүхдийг сонгож авдаг Технологийн дээд сургуульд шалгалтгүй шууд элсүүлэх эрхийн бичиг, уран бодолтын шагнал өгөөд, бодолтыг чинь номонд оруулна гэж амлаад эх нутаг уруу нь залсан гэдэг. Тэрээр миний шавь, дээд ангийнхаа Ш.Уранчимэгтэй хамт хоёр гурван жил олимпиадад аймгаасаа шалгаран оролцож, стандарт бус бодлогууд бодох талаар нэлээд дадалтай, чадвартай болсон байсан. Хааяа манайхаар орж ирэн надаас зарим бодлогоо асууна, би барахгүй шахуу, учир нь тэрээр бодлого бодох чадвараар мэргэжлийн гэх надаас давж байсан гэсэн үг. Голохгүй асууж байсныг ганц итгэл гэж би бодном.
ШУА-ын дэргэдэх хүрээлэнгийн сайн багш нар хичээл заадаг Технологийн дээд сургуульд өнөөдрийн Улсын их хурлын гишүүн Я.Содбаатар зэрэг Монголын олон шилдэг хүүхдүүд элсэн суралцсан бөгөөд зарим нь Засгийн газрын тэтгэлэг болон Мормоны шашны санхүүжилтээр гадаадын их дээд сургуульд суралцахаар явцгаасан аж. Харин Н.Ганибал хүү өөр шашны өнцөг таараагүй, өндөр насныхаа тэтгэвэрт гарч байгаа аав ээжийн отгон хүү гал голомтоо санаад Монголдоо үлдэж төгсөөд Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар хэдэн сар ажиллаж.
Тэрээр зах зээл ид бужигнах цагаар, залуу хүний хүсэл бодол өөрчлөгдөх жамаар нэг өдөр нутагтаа ирчихсэн нэхий арьс зөөгөөд нижгэнүүлж явсан гэдэг. Бас нэгэн өдөр Сүхбаатар аймагт шинээр байгуулагдсан салбар дээд сургуулийн захирал Ж.Манлайбаатар түүнийг дуудаад “Манай сургуульд чам шиг чадварлаг залуу багш нар хэрэгтэй байна. Хонины нэхий зөөж харайгаад хол явахгүй, Эзэмшсэн мэдлэг чинь элэгдэнэ хорогдоно, ээж ааваас өвлүүлсэн авьяас чадвар тань эзгүйднэ, эсэж муудна” гээд багш болгож орхижээ. Энд гурван жил хиртэй ажиллахдаа программчлалын талаар болоод хүн сургах гайгүй юм сураад авч, Компьютер менежментийн дээд сургуульд магистр хамгаалчхаж, олон төрлийн хичээл заадаг болж байтал Манчестер хотод бизнес удирдлагын чиглэлээр сертификат олгох сургалтад хамрагдах боломж олдож ажиллаж сурахыг хослуулах дөрвөн жилийг үдэхээр домогт будант Английг зорьсон гэдэг.
Нэг сонирхолтой нь түүний амьдарч байсан гэр орон хөл бөмбөгийн домогт Манчестер Сити багийн эзэмшил цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байж таарч, зав зай гарвал гүйсээр байгаад шүтэн бишрэгчдийн тоог нэг Монголоор нэмсэн гэдэг. Английн Премьер Лигийн аваргаар хэдэнтээ шалгарч, нэрт хөл бөмбөгч Эммануэль Адебайор, Карлос Тевес, Яя Туре нарын дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийг эгнээндээ нэгтгэсэн энэ баг өнгөрсөн жил Европын хамгийн үнэтэй багаар шалгарч Испанийн эзэн хааны алдарт Реалыг ардаа орхисон удаатай. Энэ багийн хөгжөөн дэмжигч хүү энэ нутгийн нэгэн, манай орцны хүү билээ, харин би англиас Челси багийг дэмждэг ухаантай.
Тэрбээр 2008 оны орон нутгийн сонгуулийн менежерээр ажиллаж намаараа ялалт байгуулан Ж.Батсуурийгаа засаг дарга болохоор зөвлөхөөр томилогджээ. Засаг даргын зөвлөх гээд зав зай муутайхан хот хүрээ, хөдөө гадаа, хойшоо урагшаа давхиж малчин ардынхаа амьдрал ахуй, монгол төрийн ажлын тогоонд буцалж байдаг халуун усанд нилээд сайн дэвтэж борлосон гэсэн. Мөн энэ үеэр Сүхбаатар аймгаас улс орон даяар шуугиулан Улаанбаатарт хийсэн олон улсын хөрөнгө оруулалтын чуулган, удаан хугацаанд тасраад байсан соёлын өдрүүдийг зохион байгуулахад ард талд, далд дайчин болж ажиллаж байсан аж. Мөн Сүхбаатарчуудын урсах цус, уух усанд байдаг уламжлалаар хурдан морины хоббитой болж орхиж гэнэ. Аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, нарийн бичгийн даргын үүрэг хүлээж нутгийн адуугаа сурталчлах, уралдаануудыг тогтмолжуулах талаар сайхан ажлуудыг санаачлан хийсэн гэдэг. Ямагт сэтгэж санаж, бүтээж байгуулж байдаг зангаараа хоёр жилийн өмнө “Тод магнай” сэтгүүлийн нэгэн дугаарыг төрсөн нутаг “Асгат сумын эрдэмтэд уяачид, хурдан хүлгүүдийн түүх оршвой” сэдвээр гаргаж амжиж, саяхан Онгон сумын уяачдын түүхийг өгүүлсэн хоёр дахь сэтгүүлийг бүтээсэн аавын хүүгийн цээжинд арван гурван сумын алдарт уяачдаа магтан мөнхлөх бодол оршин буйд би итгэнэм.
Тэрээр 2012 оноос Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга бас багахан хугацаанд яамныхаа төрийн нарийн бичгийн даргын албыг хашаад амжсан гэсэн. Энд ажиллаж байхдаа махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн хууль эрх зүйг сайжруулах чиглэлийн багуудыг ахлан багагүй хичээлтэй ажилласан байдаг. Мөн үргэлжлүүлэн Зам тээврийн яаманд Захиргаа удирдлага, хууль эрх зүйн хэлтсийн даргын алба хашиж үзсэн гэдэг. Харин сонгуулиар солигддогийн жамаар 2016 оноос намынхаа улс төрийн ажилд шилжин намын байгуулалтын хэлтсийн дарга, хэрэг эрхлэх газрын дэд дарга, зүүн бүс хариуцсан менежер зэрэг ажлуудыг нугалж явсан аж. Н.Ганибал яриа хөөрөө цэгцтэй, явдал суудал шуурхай, намба төрх тогтуун, нэр алдар цэвэр, нийтэч нөхөрсөг нэгэн болой. Наянтай гуайн бага хүүгийн толгой, сийрэг, тохом хөлстэй, элэг нутагтаа, эмээл мориндоо. Тэрээр төрд зүтгэлтэй, түмэнд ээлтэй, настанд тусархуу, нийтэд найзархуу билээ. Н.Ганибал биеийн тамир спортод дурласан сурагч, бодлого шийдэлд борви сөхрөөгүй залуу, бүгдийн дунд явсан бизнесмен, боловсролд бодол ургуулсан сурган хүмүүжүүлэгч, түмний төлөө зүтгэсэн төрийн албан хаагч, унаган нутагтаа уриа дуудсан улс төрч, уяачдын эрдмийг шүтсэн хүлэгч, аав ээжээ асарсан хүү, амраг хань алиахан үрсээ хайрласан аав билээ.
Г.Наянтай багш түүхийн мэргэжилтэй болохоор монгол цэргийн баярын өдөр төрсөн бага хүүдээ ромчуудын эсрэг тулалдаж явсан эртний Карфаген улсын морин цэргийн удирдагч, нэрт жанжин Ганибалын нэрийг хайрласан аж. Энэ далимаар хэлэхэд агуу эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ Монголын нэртэй дипломатч Ганибалын хүү Шарк Амартүвшин мөн их хуралд нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байна. Нэртэй холбоотой саяхны нэг сонирхолтой жишээ хэлэхэд Н.Ганибал хүү замд таарсан аймгийнхаа Түвшинширээ сумын айлаар орж улсын их хурлын сонгуулийн 12 дугаар тойрогт нэр дэвшиж байгаагаа яриад нэрээ хэлэхэд малчин өвгөн “Ийм нэртэй хүнтэй би юм ярьдаггүй” гэж томорчээ. Нэр дэвшигч маань би энэ аймгийн Асгат сумын харьяат хүн гэж аргадахад “Өө, тийм үү. Тэгвэл ярилцана, юм асууна. Би казак нөхөр манай аймагт юугаа хийж нэр дэвшиж яваа юм гэж бодсон” гэсэн гэдэг. Энэ түүхийг хамт өглөөг угтдаг хэдэн өвгөчүүлдээ ярьсан чинь нэг маань “Нээрэн Ганнибал чинь казактай төстэй шаравтар царайтай шүү” гэдэг байгаа.
Н.Ганибал хоёр хөөрхөн охин, хэл ус маш сайн, яам тамга, янз бүрийн улсын сан, компанид ажиллаж байсан баахан Б үсгээр эхэлсэн нэртэй холбогдсон “Санана даа, чи намайг санана, сар нарыг унтуулан сэрээж санана” гэж дуулж танилцсан үе тэнгийн гэргийтэй хүн. Ямар учиртай Б-нүүд гэвэл баруун зүгийн Баянхонгор аймгийн Богд сумын Богд уулын энгэрт бас багш аавындаа ирсэн, Борын Болорчимэг хэмээх багш мэргэжилтэй, боловсролын чиглэлээр ажилладаг бүсгүй хүүхэд гэнэ. Баахан Б-ээр эхэлсэн үг байгаа биз, тэрийг хэлж байгаа юм. Бидэн хоёр хэдхэн хоногийн өмнө нүүр номын андууд болоод байгаа. Г.Наянтай багшийн отгон хүү Монголын ардчиллын модонд ургасан алаг цэцэг, ардын багшийн гэрт өндийсөн түмний төлөөлөл, энэ нутгийн боловсролын бүтээгдэхүүн, энэ аймгийн эрдэм номтой эгэл нэгэн залуу, бидэн хоёр нэг сумын гаралтай үр сад, бас нэг байшингийн нэг орцны хаалгаар орж гарахдаа мөр мөрөө түшиж явсан хоёр, аавынх нь буянд амьдралын харгуйд алдаа багатай алхаж явсан болохоор би магтахгүй гээд, малгайгаа авахгүй гээд яах билээ, нэн чухал энэ мөчид, нам эвсэл өөрөө гээд нөгөө тийш зугтах учиргүй билээ. Хүзүүнд олс угласан ч, хэн нэгэн буруушаасан ч хүн чанараа гээхгүй зориг байх хэрэгтэй юм. Тэгээд ч өвгөн намайг наашаа гэсэн өөр гарагийн хүн дүрсийг хүртэл цаашаа гэхгүй гэж би хэд хэлсэн удаатай. Би тэгж бодном, буруу зөвийг бүгд шүүнэм.
Мөн нэгэн сонинг дуулгахад Улаанбаатарын нөгөө С.Эрдэнэ даргын вант улс гэгдэх Баянгол дүүрэгт оршин суух бүртгэлтэй Г.Наянтай багш маань улаан намынхаа татварыг удааж хойш суулгүй төлдөг гэсэн. Нэр дэвшсэн хүүгийнхээ араас нутагтаа ирчихсэн, намын маань ажилтнууд нэг саналаар дутлаа даа гэж байгаа байх хэмээн санааширч суусан. Монгол өвгөчүүлийн гуйвшгүй, гажишгүй, тулхтай тууштай байдгийн илрэл. Би юуны учир түүний хүүг магтан дуулнам. Асгат нутгийн унаган иргэдийн төлөө, ааваар нь амьдралын мөрөө заалгасны хувьд, ах эгчтэй нь мэндтэй явсны дурсамжид, арван жилийн орцны нэг хаалганд байсан тохиолд, алиахан хүүгээр ачаа бараа зөөлгөж явсны буянд, амьдралын нугачаанд багш шавь байсны учир, алсдаа амьд байвал амар мэндийг минь эрнэ гэж итгэхийн үнэнд, ээжид нь үнсүүлж явсны энхрийлэлд, энэхэн богино насанд эгэлхэн учралтай байсны тулд бодол ухаан заран бичээс нийтлэлээ өргөнөм.
Гурван ах, хоёр эгчийн дүү, алдар нэрийн төлөө зүтгэл багатай, ажлын гүйцэтгэлд ахиу алхамтай, аав ээжийн амин эрдэнэ, ах эгчийн ариун хэлхээ хар үхэрт овогт Наянтайн Ганибалын холыг зорих зам шулуун, ойрыг хүсэх зорилго биелэх нягууртай бөлгөө. Манай орцны хүүг монгол төрд байх хүн гэж бодном. Намайг халамжлагчийн хүүг нийтийн төлөө зүтгэх, нутгийн өнгийг засах, амиа бага бодож, ард олноо их санах хүмүүн гэж итгэнэм. Тавин жилийн түүхийн хуудсаа эргүүлж эхэлсэн тавин хоёр айлтай арван жилийн багш нарын бичил хорооллоос төрийн эрх барих сонгуульд тод магнай, торгон жолоо өргүүлэх, удамтай, угшилтай аавын хүү, ээжийн охин олноор төрөх болтугай. Хурай, хурай.
Д.Сэнгэдорж