Нар тоссон Нарангийн шаргал тал, бор толгодын дунд тоглож өссөн хөдөөний бор жаалуудын нэг нь Жамбын Батсуурь билээ. Улсын хилийн дагуух Баяндулаан уул, Ноён хөндий, Логийн чулуу, Гурван хонгор, Баавхайн говь… гээд жилийн дөрвөн улиралд ямагт өнтэй сайхан тэнүүн тал нутаг аав ээжийнх нь мал сүргийн бэлчээр. Тэрбээр аав ээжийнхээ тавин нас хүрч байхад нь төрсөн, найман хүүхэдтэй өнөр айлын хамгийн бага нь. Айлын бага гээд аав ээждээ эрхэлсэнгүй, адуу малын бэлчээрт хонь хариулж, аргал түүж, хурдан морь унаж, намрын цагаан хяруунаар үхрийн зэлэн дээр тугал татаж ээждээ тусалж өсжээ.
Далаад оны сүүлч наяад оны эхэн үеийн сумын төв хэмээх суурин газарт сургуулийн бага ангид үзэж өнгөрүүлсэн амьдрал нь ногоон дээвэртэй намхан цагаан байшингууд, өндөр модны оройгоос өглөө оройгүй ярьж, дуулж байдаг радио хэмээх зүйл, хүмүүс мөнгө өгөөд юм худалдаж авдаг дэлгүүр… гээд хүүд сонирхох зүйл дэндүү олон байжээ. Энэ л үедээ олон хүн, малын аминд хүрсэн 1980 оны хаврын аюулт шуурга, “Монгол хүн сансарт нислээ” гэсэн сонин хачин мэдээллийн учир начрыг олж ядахыг хүсч мөрөөднө. Ж.Батсуурийг нэгдүгээр ангид “А” үсгийн ацаг татуулж, эрдэм ном заасан анхны багш нь Монгол улсын гавьяат багш О.Сумьяагарав агаад тэрээр ямархан хүүг ангидаа хүлээж авч байснаа …тэр жил нэгдүгээр анги дааж ажиллахаар бяцхан шавь нараа хүлээн авч байхад аавын маань найз Жамба гуай түнтгэр хацартай хөөрхөн бор хүүг хөтлөн ирээд “За миний дүү, энэ миний отгон хүү сайн сургаад өгөөрэй” гээд надад хүлээлгэн өгч байсан юм. Батсуурь маань нэг удаа номхон зогсоод чанга дуугаар “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч арвич хямгач …” гээд л дуржигнуулан уншиж байсныг нь тодхон санаж байна” гэж дурсжээ.
Насаараа л нэгдэл нийгмийн мал маллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гараад гурван жил болсон Н.Жамбынх гэнэт л 1984 оны хавар унаган төрөлх нутаг усаа орхин аймгийн төв бараадсан нь бага хүү Ж.Батсуурь 5 дугаар ангид дэвшин суралцах болсонтой холбоотой байна.
“Хөгжил хөөр дүүрэн сурагч нас минь тэртээх 80-аад оны үед аз жаргалаар дүүрэн өнгөрсөн юм. Би 5 дугаар ангид орох жилээ Наран сумын дунд сургуулиас аймгийн 10 жилийн сургуульд шилжин ирж суралцав. Хөдөөгийн малчны хүүхэд, сумын төвөөс өөр газар үзээгүй надад аймгийн төв, ЗХУ-ын бэлгийн гэх тэр сайхан сургууль үлгэрийн орон шиг санагдаж билээ. Баруун-Уртад хамгийн эхэлж сонссон, тэгээд одоо хүртэл сэтгэлд хоногшсон хоёр дуу чимээ байдаг юм. Энэ нь дизель станцийн болон золибон нохдын дуу байлаа. Дизель станц нүргэлэн оройдоо дуугарч гэрэл асаана. Харин золибон ноход шөнөжин хуцаж улилдана. Хүргэн ах Лхагваадаа хөтлүүлэн ирж, 5-ын “А” гэдэг ангид оров. Залуухан эмэгтэй багш хүлээн авч намайг их л өхөөрдөж байгаа бололтой “яасан жаахан юм, яасан хөөрхөн юм” гэсээр хамгийн урд талын ширээнд суулгав. Тэр бол манай ангийн багш З.Надмидмаа байлаа. Багш маань биднийг завсарлагаа болгоноор коридорт тэг дөрвөлжин шугам шиг зогсоож байгаад дуу дуулуулдаг байв..” Тэрбээр арван жилийн сургуулийн сурагч нас, ангийн багш, анги хамт олныхоо талаар ийнхүү дурсаж ярьсан юм.
1989 оны хавар аравдугаар ангиа төгсч нийслэл хотод Санхүү, эдийн засгийн техникумд барилгын эдийн засагч мэргэжлээр суралцахаар хуваарь авчээ. “Аав ээжийнхээ хэдэн сараар тэтгэврээ хурааж хуримтлуулан байж өгсөн 2000 төгрөгнөөс хойш дахиж аав ээж, ах дүүгээсээ мөнгө төгрөгний дэмжлэг авч байсангүй ээ. Тэр мөнгө миний анхны хуримтлал байсан юм. Өвлийн амралтаар ирэхдээ аав ээждээ, ах эгч нартаа, тэдний хүүхдүүдэд бэлэгтэй ирж байлаа” гэж ярьсан юм. Оюутан байхдаа бага сага наймаа хийж захын үүднээс 300 ширхэг сувдыг 30 төгрөгөөр аваад нэг нугалаад зарчихдаг байх жишээний. Түүний оюутны амьдрал 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалтай хамт өрнөж, Буянгийн Б.Жаргалсайхан, төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам хоёроос МоАХ–ны үнэмлэхийг авч, хонхны дуу цуурайтуулсан жагсаал цуглаанд оролцож, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хөрөнгийн биржийн захирал Н.Золжаргал нараар эдийн засгийн цагаан толгой заалгаж, зах зээлийн эдийн засгийн харилцааны эхэн үеийн анхны боловсон хүчин болж 1991 онд сургуулиа төгсөөд Хөрөнгийн биржийн зургаан сарын курст суусны дараа аймагтаа ажиллахаар ирэхэд аймгийн АДХ–ын гүйцэтгэх захиргааны дарга Л.Болд шууд л “эрэлт нийлүүлэлтийн муруй” зуруулж нэг ёсондоо шалгалт авч байсан гэдэг.
Ж.Батсуурь 1997-1999 онд СЭЗДС-ийг Бизнесийн удирдлагаар, 2001-2003 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар, 2007 онд БНСУ-ын Удирдлагын академийн Бизнесийн удирдлагын ангийг төгсөж, Японы Токио хотод Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, Удирдлагын менежментийн чиглэлээр суралцсан байдаг. Мөн Нано технологи, гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр АНУ, ХБНГУ, Франц, БНСУ, Сингапур, Канад, Япон зэрэг орнуудад туршлага судалжээ.
Үргэлжлэл бий
Г.СҮХЭЭ