Сүхбаатар аймгийн ахмадууд шинэ өргөөтэй боллоо. 2020 оны улс болон орон нутгийн төсвийн 475 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хуучин байрыг хоёр давхар болгон өргөтгөж, шаардлагатай бүхий л өрөө , тасалгаануудыг хийжээ. Ингэснээр Сүхбаатар аймаг болон Баруун-Урт сумын ахмадууд тохилог шинэхэн өргөөнд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой болж байна.
Сүхбаатар аймгийн ахмадууд давхар давхар баяраа тэмпэглэж байна. Олон улсын ахмадын баяр тохиож буй эдгээр өдрүүдэд бид шинэхэн байраа ашиглатад хүлээн авлаа. Аймгийн хэмжээнд 6000 гаруй ахмад бий. Ахмадуудын хоёр дахь гэр болсонд өргөөндөө тэд өдрийн ихэнх цагаа өнгөрүүлдэг. Тийм ч учраас өргөөний хувьд тохилог, дээрээс нь аюулгүй орчингш бүрдүүлсэн байх шаардлагатай. Яг л ийм стандарт нийцсэн байртай болсондоо үнэхээр их баяртай байна. Цаашид өргөөгөө байнгын үйл ажиллагаатай байлгаж олон олон ажил, арга хэмжээг ахмадуудтайгаа хамтран хийх болно гэж аймгийн ахмадын хорооны дарга Т.Дашсүрэн хэллээ.
Өргөөний нээлтэд аймгийн удирдлагууд болон Дорнод аймаг, Доронд аймгийн Хэрлэн сумын ахмадын хорооны дарга урилгаар оролцов. Шинэ байрны тохижилт, тавилга хэрэгсэлд зориулж аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын зүгээс 10 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Мөн ААНБ, сумдын салбар хорооны ахмадууд өргөөний тохижилтод зориулан хандив өргөв.
Т.Одончимэг