Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Санзайжавын Чулуунбаатарыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Асгат сумын харъяат, хөгжмийн зохиолч, СТА Шинэнбалжийн Батсайханыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор, Монгол Улсын гавьяат малчин цолоор Эрдэнэцагаан сумын малчин Чойнжоогийн Цоггэрэл нар шагнагдлаа. Шинэхэн алдартнуудаа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон нутгийн зон олон угтан авав.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: ХАА-н салбараас 30 жилийн дараа хөдөлмөрийн баатар төрлөө
Монгол Улсын хэмжээнд хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө. Нэг нь баруун хойд хязгаар, нэг нь зүүн өмнөд хязгаараас ажил хөдөлмөрөөрөө тодорлоо. Сүхбаатар аймгаас 30 орчим жилийн өмнө хөдөө аж ахуйн салбарт Хөдөлмөрийн баатар авч байсан бол 30 жилийн дараа дахин Хөдөлмөрийн баатартай боллоо. Эрдэнэцагаан сумын VII багаас анх удаа гавьяат малчин тодорлоо. Мөн “Наран мандах нутаг”, “Тэнгэр ээж минь өршөө” дууны аялгууг бичиж, олон сайхан дуу зохиосон хөгжмийн зохиолч Ш.Батсайхан маань Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав гуай маань “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа. Ингээд энэ өдөр Сүхбаатарчуудын хөдөлмөр зүтгэлийг төр үнэлсэн үнэхээр сайхан үйл явдал тохиолоо. Монгол Улсын ерөнхийлөгч зүүн бүс нутгийг ХАА-н гол бүс нутаг болгох бодлого барин ажиллаж байгаа. Тиймээс малчдын хөдөлмөрийг ингэж төр засгаас үнэлэж байгаа нь малчиддаа урам зориг өгөх, нөгөө талаас залуу малчдыг идэвхжүүлэх ач холбогдолтой. Нөгөө талаар удахгүй Сүхбаатар аймаг олон улсын бооомттойгоо авто болон төмөр замаар холбогдоно. Ер нь орон нутгийн хөгжил тэргүүлэх чиглэлрүү явж байгаа. Тиймээс үүнийгээ ХАА салбартай хоршуулж, энэ салбарыг илүү үр бүтээл, өгөөжийг илүү нэмэгдүүлэх учиртай. Энэ бүхний суурь нь ч манай аймагт байгаа.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Сүхбаатар аймаг хөдөө аж ахуй хөгжүүлэх онцгой бүс
Сүхбаатар нутгийн малчид хөдөлмөрчид мал аж ахуйн салбарт манлайлж яваа гэдгийг Хөдөлмөрийн баатар С.Чулуунбаатар маань харууллаа. Мөн малчин Ч.Цоггэрэл Монгол Улсын гавьяат боллоо. Энэ бол хөдөө аж ахуйн салбар улсын онцлох салбар болохын илрэл. Сүхбаатар аймаг цаашид энэ салбарын хөгжлийг авч явах гол бүс нутаг юм. Мөн монгол түмний мэддэг олон сайхан дууны ая зохиосон Ш.Батсайхан багш маань Урлагийн гавьяат зүтгэлтэн боллоо. Сүхбаатарын оюунлаг ард түмэн үнэхээр амь энэгтэй, хүсэл зорилго нэгтэй гэдгийг энэ үйл явдал харууллаа. Нутгийн бхархлуудаа хүндэтгэлтэйгээр угтан авч байна. үнэхээр баяртай байна. цаашид УИХ-ы үзгээс аймаг, орон нутгаа хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх, хөгжлийг хурдасгахад хичээн зүтгэх болно.