Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ГАЛТ ЗЭВСГИЙН БҮРТГЭЛ 21 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Галт зэвсгийн тухай хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийг тоолох, бүртгэх ажил хийгдэж байна. Одоогоор энэхүү ажил  21 хувьтай үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 1000 орчим галт зэвсэг бүртгэлтэй байдаг бөгөөд үүний 300 орчим нь Баруун-Уртад, үлдсэн хэсэг нь хөдөө сумд болон малчдын гар дээр байдаг аж. Ихэнх галт зэвсэг хөдөө, орон нутагт байдаг нь бүртгэл, тооллогын ажил удаашрах гол шалтгаан болж байгааг Цагдаагийн газраас  мэдээллээ.

Иргэд, олон нийт  галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж, өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг Цагдаагийн газраас уриалж байна.

Тооллого энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Хэрэв заагдсан хугацаанд галт зэсвгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна.