Ковид-19 халдварт өвчний дэгдэлтээс үүдэн энэ жилийн мал тооллогын хугацааг орон нутаг өөрсдөө тогтоох болсон. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсийн мал тооллогыг энэ сарын 18-аас 28-ны хооронд арав хоногийн хугацаанд явуулахаар болсон байна.
Одоогоор мал тооллогын бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна. 2021 оны нэгдүгээр сараас малын хөлийн татварын хууль хэрэгжиж эхлэх учир өөр аймаг сум гэж ялгалгүй бүх малыг тооллогод хамруулна. Манай аймагт байгаа өөр аймгийн малыг тоолоод тухайн аймагруу нь мэдээллийг өгч шивэлтийг нь хийлгэх зарчмаар ажиллана. Манай аймгаас өөр аймагт нутаглаж байгаа малчид ч яг адилхан. Тиймээс малчид болоод мал бүхий иргэн, ААНБ-ууд заавал тооллогодоо хамрагдаж, мэдээллээ үнэн зөв өгөх ёстой. Мөн өөр аймгийн иргэнийх хэдий ч малчин нь Сүхбаатарын харъяанд байдаг, мал нь олон жил энд нутагласан бол тавиул малаар тоолж, татварын орлогыг орон нутагтаа төвлөрүүлэх бодлого барьж байгаа гэж Статистикийн хэлстийн дарга Т.Эрдэнэбат мэдээлэл өглөө.
Мал тооллого явагдах дээрх хугацаанд мал шилжүүлэх,худалдан борлуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. Мөн тооллогын үеэр өрхийн мэдээллийн сангийн тулгалт, шинэчлэл давхар хийгдэх аж. Тус аймаг өнгөрсөн 2019 оны жилийн эцсийн тооллогоор нийт 3,8 сая толгой мал тоолуулж байсан юм.
Т.ОДОНЧИМЭГ