Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМГИЙН УДИРДЛАГУУД СУМДАД АЖИЛЛАЛАА

Аймгийн удирдлагууд 12 суманд ажиллаад ирлээ. Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан баг зүүн, ИТХ-ын дарга Д.Хосбаяр ахлуулсан баг баруун талын сумдад ажилласан юм. Аймгийн удирдлагуудын багт засаг даргын орлогч, зарим хэлтэс агентлагийн дарга нар багтжээ.

Энэ нь тэдний орон нутаг дахь анхны томилолт байсан бөгөөд сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашлаад сум орон нутагт тулгарч буй саад бэрхшээлтэй танилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.

Ихэнх сумдын удирдлага солигдсон, 2021 оны төсөв орж ирээгүй зэргээс үүдэн сумдад дорвитой хийгдсэн ажил одоогоор байхгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад царцсан барилгуудыг богино хугацаанд ашиглалтад оруулах, төрийн байгууллагуудыг нэгдсэн халаалтын системд холбох, эрүүл мэнд, боловсролын салбарыг мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангах, орон нутгийн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, отрын бүс нутгийг хамгаалалтад авах, хадлангийн үйл ажиллагааг жигдрүүлэх зэрэг нийтлэг саналуудыг сумдын удирдлагууд уламжидсан байна.

Мөн 2020-2024 онд хийх ажил, аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг сум орон нутагтай хамтран хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар мэдээлэл солилцоод иржээ.

Т.ОДОНЧИМЭГ