Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

БҮХ ТӨРЛИЙН АВТОМАШИНЫ СУУДЛЫН БҮРЭЭСИЙГ ОРОН НУТАГТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

Оёдолчин Б.Болор-Эрдэнэ орон нутагтаа бүх төрлийн авто машины суудлын бүрээсийг үйлдвэрлэж байна. Тэрээр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-т хамрагдаж 10 сая төгрөгийн дэмжлэгийг авч, энэхүү ажлаа эхлүүлжээ. Ингэснээр мөн нэг хүнийг тогтмол ажлын байраар хангах болжээ.

Би оёдолчин мэргэжлээр орон нутагтаа 10 гаруй жил ажиллаж байна. Ажлын, үндэсний, хүүхдийн гээд бүх төрлийн хувцсыг захиалгаар оёдог. Гэвч сүүлийн жилүүдэд орон нутагт оёдолчид олширч, орлого тодорхой хэмжээгээр буурсантай холбоотойгоор бусдаас арай өөр зүйл хийе гэж шийдэн авто машины суудлын бүрээсийг оёж эхэлсэн. Материалын сонголтоо нэмэгдүүлж, үйлчилгээгээ сайжруулах үүднээс төсөл хөтөлбөрт хамрагдаж хөнгөлөлттэй зээл авснаар ажлаа тасралтгүй үргэлжүүлэх боломжтой болсон. Иргэд ч заавал Улаанбаатар хотруу явж цаг алдалгүйгээр орон нутагтаа захиалгаа өгөөд богино хугацаанд бүрээсээ авч байгаадаа их талархалтай байдаг. Нөхөртөө, найздаа төрсөн өдрийн бэлгэнд манайхаар бүрээс захиалж оёуулдаг болсон. Хамгийн гол нь хүнд нэг юм хийж өгөхдөө сэтгэлд нь хүртэл хийхийг эрмэлздэг. Нөгөө талаар ямар нэг юм боллоо гэхэд буух эзэнтэй, буцах хаягтай байна гэдэг хэн хэндээ амар. Үүнийг ч иргэд сүүлийн үед их ойлгодог болсон гэж Б.Болор-Эрдэнэ ярилаа.

Т.ОДОНЧИМЭГ