Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

Б.МӨНХБАЯР: 3264 ЗЭЭЛДЭГЧИЙН 59.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАЖ ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛСАН

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудал орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа болоод аймгийн банкны салбарын үйл ажиллагааны талаар Монгол банкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяртай ярилцлаа. 

Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ажил орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа вэ?

Банкны салбарууд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3,264 зээлдэгчийн 59.9 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг сунгаж эргэн төлөлтийг хойшлуулсан. Банкны салбаруудад 3,563 зээлдэгчийн 63.3 тэрбум төгрөгийн зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлт ирсэн. Одоо 180 хүний 2.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэхээр судалж байна.

Энэ ажлын хэрэгжилт хангалттай гэж дүгнэж болох уу?

Хангалттай гэж дүгнэж болно. Нийт ирсэн хүсэлтийн 91.6 хувийг шийдвэрлэсэн.Үлдсэн хэсэг нь нөхцөл хангахгүй байсан гэж ойлгож болно.

Ер нь энэ зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах асуудлыг та эдийн засагч хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

Орлого нь буураагүй салбарын ажилтнууд, бизнесийнхэн зээл хойшлуулах нь тийм оновчтой шийдвэр биш. Харин нөхцөлөө өөрчлүүлэх нь илүү үр ашигтай.

Ипотекийн зээлийг хичнээн хүнд олгоод байна. Одоо энэ зээл зогссон уу?

Сүхбаатар аймаг дахь банкны салбаруудад 1085 иргэний 34.0 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн үлдэгдэл байна. Үүний 461 хүний 13.8 тэрбум төгрөгийг банкны эх үүсвэрээр, 624 иргэний 20.2 тэрбум төгрөгийг МИК-ийн эх үүсвэрээр олгосон. Харин 2020 онд 11 сарын байдлаар аймаг дахь банкны салбарууд нийт 109 зээлдэгчид 4.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон. Үүнээс 60 зээлдэгчийн 2.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны өөрийн эх үүсвэрээр, 49 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээлийг ипотекийн жилийн 8 болон 6 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр олгосон. Ипотекийн зээлтэй зээлдэгчдийн 66.7 хувь нь зээлийн төлөлтийг хойшлуулсан байна. Зээл олголт хэвийн үргэлжилж байгаа.

Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор банкны салбарын ололттой болоод хүндрэлтэй талууд нь юу байна?

Цар тахалын үед банкны салбарт ололттой тал гэж бараг байхгүй байна. Хорио цээрийн дэглэмтэй байгаа үед харилцагч нараа эрсдэлээс бага боловч хамгаалахын тулд төрөөс гаргасан хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ банкууд маань бас хүү, шимтгэл бууруулах зэрэг арга хэмжээг авч байна.Гэхдээ нөгөө талд эх үүсвэрийн болон үйл ажиллагааны зардлууд урдын адил гарч байгаа тул 2020 он нилээд хүндхэн жил байлаа.

Банкнуудын шинээр зээл олголт мэдээж буурсан байх, гэхдээ бүр зогсоогүй биз дээ?

Банкны нэгжүүд 2020 онд 136 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Мэдээж энэ нь өмнөх оноос буурсан. Гэхдээ өнгөрсөн оны  8, 9, 10,12 дугаар саруудад зээл олголт бага зэрэг сэргэсэн. Банкууд бол зээлээ олгох сонирхолтой байна. Харин харилцагч нарын маань үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа учраас зээлийн эрэлт буураад байгаа нь үнэн.

Одоо Сүхбаатар аймаг дахь банкны салбаруудын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна?

Сүхбаатар аймаг дахь банкны салбарууд бүх нийтийн бэлэн байдал зарласан өдрүүдэд цагийн хязгаартай ажилласан. Харин өнгөрсөн оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэвийн горимоор, халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллаж байна.

Баярлалаа.               

Т.ОДОНЧИМЭГ