Хүний амьдрал ирж буцахын жам ёс, эрээн бараан тавилангаар дүүрэн гэдгийг аль эртнээс мэддэг ч өөрийн амьдрал дундуур гэнэтхэн шуурга шиг дайрч, ирт мэс шиг тасчин орж ирнэ гэдгийг даан ч зүүдэлсэнгүй явжээ.
Гэвч би, ахмад цолтой залуутай анх танилцан үерхэж, тэр жилдээ “Армийн шилдэг офицер”-оор шалгарсан бахдал баярыг хамтдаа тосч, шагналаараа сайхан байшин барьж, гал голомтоо бадраан, хөөрхөн үрсийнхээ өлгий бүсийг зэхэж, аз жаргал, гэгээн дурсамж дүүрэн он жилүүдийг туулан, ханийнхаа албан тушаал дэвшин, алдар цолоор шагнуулах баяр болгоныг хуваалцан, хурандаагийн гэргий хэмээн хүндлэгдэж, өөдрөг амьдралыг туулсандаа үргэлж бахархдаг.
Сайхан хань минь Монгол Улсын Зэвсэгт хүчин хэмээх их айлын алтан босгоор алхаж, БХИС-ийг Ерөнхий цэргийн команд тактикийн мэргэжлээр дүүргэсэн тэр цагаас хойш тасралтгүй 26 жил албаа нэр төртэй хааж, төрийн алтан соёмбоныхоо ивээл дор, дайчин жагсаалаа манлайлан алхсан хурандаа нарын нэг байсаан.
Тэр минь дайчин шийдэмгий, эрс шулуун зантай, цайлган цагаан сэтгэлтэй, хөдөлмөрч, хүнд тусч, алиа наргианч зантай, алба амьдралынхаа төлөө зүтгэсэн цэл залуухан цэргийн дарга байлаа.
Хэлж ирдэггүй, хийсч ирдэг хатуу тавилангийн өөдөөс аюулт өвчнийг сөрөн үхэлтэй тэмцэх тэр аймшигт өдрүүдэд ханийг минь аврахын төлөө бүхий л зүрх сэтгэлээ зориулан зүтгэсэн энгүй ачтанууддаа би өөрийнхөө өмнөөс болон үр хүүхдүүд, ахан дүүс, төрөл төрөгсдийнхөө өмнөөс чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа хэлмээр байна.
Нэн түрүүнд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, сайдын зөвлөх Б.Эрдэнэбат нарт болон БХЯ-ны нийт бие бүрэлдэхүүн, Цэргийн төв эмнэлгийн хамт олон, Нийслэл, дүүргүүдийн цэргийн штабынхан, Аймгуудын цэргийн штабынхан, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хамт олон, Зэвсэгт хүчний 327, 032, 338 дугаар ангийн хамт олон, Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын хамт олон, сумдын ЗДТГ-ын дарга нар, Сүхбаатар аймгийн хүчний байгууллагын дарга нар, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хамт олон, Удирдлагын академийн хамт олон, ЦИС-ийн 1994 оны төгсөгчид, Сүхбаатар аймгийн 10 жилийн сургуулийн 1994 оны төгсөгчид, ханийн минь курсийн найзууд, онжавууд, нутаг усныхан, найз нөхөд, гэр бүлээрээ олон жил нөхөрлөсөн сайхан хүмүүс, элгэн садан, ахан дүүс та нартаа чин сэтгэлээсээ гялайлаа.
Монголын төр дайчин хүүгээ хэрхэн хайрлан хамгаалж, яаж анхаарал халамж тавьж, сүүлчийн замд нь хүртэл ямар их ёс төртэйгээр үддэгийг харж, хагацал амссан хамгийн хүнд мөчид ч ханийнхаа туулсан амьдрал, өргөсөн тангараг, үлдээсэн зам мөр, гэгээн үйлсээр бахдаж, удмаа мөнхөлж үлдээсэн үр хүүхдийг нь аавынхаа зам мөрөөр замнасан сайн хүмүүс болгон өсгөх ёстойгоо би ухаарсаан.
Над шиг амьдралын хагацал үзэж, хатууг туулсан олон олон ар гэрийнхэнд ч бас ийм л сэтгэл, ийм л бахдал төрдөг байхаа гэж бодном.Монгол цэргийн сүлд хийморь та бүхнийг минь эгнэгт ивээх болтугай.
Хүндэтгэсэн: Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга асан, хурандаа С.Жалбасүрэнгийн гэргий Н.Лхамсүрэн
Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб 2021/01/22