Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.ИДЭРБАТ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.Тэрээр мэндчилгээндээ,

Эрхэм хүндэт Сүхбаатарчууд, наран ургах нутгийн хийморьлог ард түмэн та бүхэндээ 17 дугаар  жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийн ерөөлийг айлтган мэндчилье.

Улиран одож буй төмөр хулагана жил манай аймгийн ард иргэдэд ивээл буянаа хайрлаж, амьдрал ахуйд нь амжилт бүтээл дагуулсан өгөөмөр сайхан жил байлаа.

Аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг 3,9 саяд хүрч, аймаг байгуулагдсан түүхэндээ хамгийн олон мал тоолууллаа. Мөн хүн ам 64,2 мянга хүрч өслөө. Үхэр жилийн босгон дээр манай аймгаас Улс, аймгийн аварга малчин өрх, сумын сайн малчид олноор төрөн гарлаа. Энэхүү амжилт нь халуунд халж, хүйтэнд хөрч, цаг наргүй ажилладаг малчин түмний маань уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм.

Сүхбаатарчууд бид хамтын хүчээр дэлхий нийтийг түгшээсэн энэхүү сорилтыг даван туулж, энх цагийг үхэр жилийн эхэнд авчрахын төлөө иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд нүд цавчилгүй зогсож буй онцгой байдал, эрүүл мэндийн салбарынхаа ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, Төр засгийнхаа шийдвэрийг үлгэрлэн дагана гэдэгт гүнээ итгэж байна.

Бидний хамтын зүтгэл, хичээнгүй хөдөлмөрийн үр шим жилээс жилд арвижин баяжиж, амжилт бүтээлийг дуудсан эрч хүчээр дүүрэн бялхаж явахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг тавья.

Ирж буй цагаагчин үхэр жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, хотлоороо элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй гэжээ.