Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

“ТАЛЫН ТҮРЛЭГ” ТББ-ЫНХАН “ОНЦЛОХ 10 ЭРХЭМ”-ИЙГ НЭРЛЭЖ БАЙНА

Сүхбаатар аймгийн гаралтай сэтгүүлч, уран бүтээлчдийн “Талын түрлэг” ТББ-аас “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Сүхбаатар аймгийн “Онцлох 10 эрхэм”-ийг тодрууллаа. Үүнд 2020 онд салбар салбартаа манлайлан идэвх санаачилгатай ажилласан, тодорхой амжилт гаргасан хүмүүсийг онцолжээ. Ингэхдээ ТББ-ын гишүүд салбар бүрээр тодорхой судалгаа хийж, мөн орон нутгийн фэйсбүүк группт нутгийн иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Ингээд онцлох эрхмүүдийг танилцуулъя.

1.Оны онцлох бүтээн байгуулагч- “DG friends” ХХКийн ТУЗийн дарга Ганболдын ЧИНТӨМӨР

Сүхбаатар аймагт хамгийн их хоцрогдож байсан үйлчилгээний төрөл болох зочид буудлын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, орчин үеийн стандартад нийцсэн, нэн сонирхолтой интерьерийн шийдэл бүхий “Дарьганга” зочид буудлыг бүтээн байгуулсан нь хол, ойрын гийчдийн харааг булааж, тав тухыг хангах болсон. Түүнчлэн олон жил царцсан 16 давхар цамхагийн барилгын ажлыг үргэлжлүүлэн ашиглалтад оруулахад бэлэн болгоод буй.

2.Оны онцлох эрүүл мэндийн зүтгэлтэн- АНЭ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ооёогийн ЦЭНГЭЛМАА

Тэрээр эрүүл мэндийн салбарт 15 жил ажиллахдаа 1000 гаруй төрөлтийг удирдан ажиллажээ. Үүнээс зөвхөн 2020 онд 400 гаруй төрөлт удирдсан байна. О.Цэнгэлмаа нь 2020 онд дутуу төрөлттэй ургийн төрөх үеийн мэдрэлийг хамгаалах эмчилгээг шинээр нэвтрүүлсэн. Ургийн гажгийн оношлогоогоор 21 ургийн гажгийг илрүүлж, жирэмслэлт болон төрөлтийг шийдвэрлэсэн байна. Эхийн ноцтой хүндрэлүүдийг баг хамт олноороо амжилттай шийдвэрлэж, олон амь аварчээ. Мөн ЭМЯ болон ХӨСҮТ-тэй хамтарч, 74 эхийн умайн хүзүүний PCR шинжилгээгээр судалгааны ажил хийсэн байна. Түүний ажлын үр дүнг үнэлж, АНЭ-ийн “Шилдэг эмч”-ээр шалгаруулсан төдийгүй Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.

3.Оны онцлох боловсролын салбарын зүтгэлтэн- Баруун-Урт сумын 03 дугаар сургуулийн багш Сайнрагчаагийн ДОРЖДУЛАМРАГЧАА

Түүний 2020 оны амжилтуудаас нь дурдвал 2020 онд хөл хорио тогтоосон онцгой нөхцөл байдлын үед онлайн сургалтаа хариуцлагатай сайн зохион байгуулснаар сурагчид нь ЭЕШ-д аймаг, улсын дунджаас дээгүүр /606/ оноо авсан төдийгүй бэлтгэсэн шавь нараас нь Б.Дэлгэрмөрөн, Б.Дэлгэрмаа нар 800 оноотой шалгагдсан. Дасгал ажил, хөрвүүлэг, сорил, хэл зүйн лавлах гэсэн дөрвөн бүлэг бүхий “Үндэсний бичгийн дасгал ажил” ном хэвлүүлсэн нь сурагчдын үндэсний бичгийн мэдлэг чадвараа бие даан хөгжүүлэхэд, түүнчлэн ЭЕШ-д бэлтгэхэд чухал гарын авлага болсон. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны “САЙХАН БИЧИГТЭН АНГИ” ангилалд бэлтгэсэн 12а ангийн 30 сурагч нь 118 ангиас 14-р байранд шалгарсан зэрэг олон амжилт гаргажээ.

4.Оны онцлох ХАА-н зүтгэлтэн- Мөнххаан сумын малчин Дамдинсүрэнгийн УНДАРМАА

Мөнххаан сумаас 30 жилийн дараа тодорсон эмэгтэй аймгийн аварга малчин. Тэрээр эцэг, эхээсээ долуулаа, айлын дөрөв дэх хүүхэд. Наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарчээ. Мал маллах амаргүй албанд хорь гаруй жилийн амьдралаа зориулж яваа бөгөөд өдгөө эрэгтэй дүүгийн хамт 1000 гаруй малаа маллан, ашиг шимийг нь хүртэн амьдарч байна.

  1. Оны онцлох тамирчин- Монгол Улсын мэргэн Лхагвасүрэнгийн ОДСАЙХАН

2020 онд үндэсний баяр наадмаар үндэсний сурын харваанд 36 оноЖ түрүүлснээр Улсын мэргэн цол хүртсэн билээ. Сүхбаатар аймгийн түүхэнд анх удаа, тэр тусмаа эмэгтэй хүн сурын харваагаар улсдаа тэргүүлсэн нь яах аргагүй 2020 оны онцлох үйл явдал байлаа. Тэрээр 2006 онд МУБИС-ийн Биеийн тамирын багшийн ангийг төгсөж, нутагтаа ирж багшлах болсон бөгөөд 2007 оноос нум атгаж, сур харваж эхэлсэн байна. Түүний анхны багш нь аймгийн мэргэн С.Байгальмаа юм.

6.Оны онцлох соёлын зүтгэлтэн- Егүзэр хутагт сангийн гүйцэтгэх захирал Дэлгэрийн БОЛОРЦЭЦЭГ

Өнөгрөсн онд Шашин төрийн нэрт зүтгэлтэн, Егүзэр хутагт Галсандашийн 150 жилийн ойг Эрдэнэмандал хийдийнхэнтэй хамтран амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, хүндэтгэлийн тоглолт, хурал номын ажил зэргийг удирдан зохион байгуулжээ. Энэхүү ажлын хүрээнд нутгийн иргэдийг нэгтгэн, хөрөнгө мөнгө босгож, хутагтын “Өнө өглөгт” хийдийг сэргээн засах, тохижуулах ажлыг гардан хийлцэж, шинэ бурхан тахилгатай болгосон нь нутгийнхны талархлыг хүлээсэн юм.

  1. Оны онцлох урлагийн зүтгэлтэн- Зураач, уран барималч Жамбалжамцын ДҮҮРЭНТӨГС

Тэрээр 2020 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд шинээр баригдсан Дарьганга зочид буудалд “Торой банди” морьтой хөшөө, “Дарьганга” /140*280 / монгол зураг зэрэг давтагдашгүй бүтээлээ туурвижээ. Дашрамд сонирхуулахад, Ж.Дүүрэнтөгс нь 1999 онд Дарьгангын шилийн сайн эр Торой банди хэмээх Нанзадын хөшөөг нутгийн галт уулсын хүрмэн чулууг ашиглан өвөрмөц өнгө, уран дүрслэлтэйгээр урлаж, Гангын цагаан овооны энгэрт байрлуулсан. Энэхүү бүтээл нь Дарьганга суманд очсон гадаад, дотоодын жуулчдын зорин очдог хөшөө болсон юм. Мөн 2008 онд Д.Сүхбаатарын мэндэлсний 115 жилийн ойгоор Сүх жанжны хөшөөг шинэчлэн босгосон. 1994 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий сайд асан, Сүхбаатар нутгаас төрөн гарсан анхны Ерөнхий сайд Ц.Жигжиджавын хөшөөг Баруун-Урт сумын төвд бүтээсэн. Олон жил хотынхоо чимэг болсон энэ хөшөөг одоо Халзан суманд шилжүүлэн байрлуулаад байгаа. Мөн Халх голын дайны дайчин баатар “Монгол Чапаев” хэмээн алдаршсан домогт морьт хорооны дарга, улсын баатар Чойн Дугаржавын хөшөөг түүний төрсөн нутаг Онгон сумын төвд барималч Ч.Эрдэнэбилэгийн хамтаар барьж босгосон юм.

  1. Оны онцлох шинжлэх ухааны бүтээлийн эзэн- Судлаач, доктор Т.Билэгсайхан

Дарьганга судлалаар туурвиж буй судалгааны гурав дахь томоохон бүтээл болох “ДАРЬГАНГЫН ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ БАРИМТУУД” номоо 2020 онд хэвлүүлсэн билээ. Арав гаруй жилийн өмнөөс туурвиж эхэлсэн уг бүтээлдээ судлаач Үндэсний төв архивд хадгалагдаж буй XVII зуунаас XX зууны эхэн үеийн Дарьгангын түүхэнд холбогдох баримтуудыг хөрвүүлж, архив зүйн боловсруулалт хийн, 380 гаруй баримт сонгон номондоо буулгасан байна. Энэ нь Дарьгангын түүхийг сонирхогч эрдэмтэд болон оюутнуудад нэн чухал хэрэгцээт түүхэн сурвалж болохоос гадна Дарьганга хошууны таван сумын иргэдэд өвөг дээдсийнхээ гарал үүсэлтэй танилцах ач холбогдолтой бүтээл болсон юм.

9.Оны онцлох сэтгүүлзүйн бүтээл- “Сүхбаатарын өнгө” сонин

Тус сонин нь Сүхбаатар аймагт сүүлийн 20 жил тасарсан тогтмол хэвлэлийн орон зайг нөхөж гарч ирсэн юм. Цахим сэтгүүлзүй хүчтэй хөгжиж буй орчин цагт уламжлалт хэвлэлийн галыг таслалгүй, өдгөө дөрөв дэх жилдээ долоо хоногийн давтамжтай, тогтмол хэвлэгдэж буй Сүхрбаатарын өнгө  сонин нь орон нутгийн хэвлэлүүдийг чансаагаараа тэргүүлж байгаа билээ.

10.Оны онцлох хүүхэд- Аюушхүүгийн ДАВААЖАВ

Баруун-Урт сумын 4 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч, буудлагын тамирчин А.Даваадорж нь 2020 онд өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр төрлөөр алтан медаль авсан амжилтаараа энэхүү номинацийн эзэн боллоо. Түүний хувьд Сүхбаатар аймгийн буудлагын спортын дасгалжуулагч Б.Зоригтбаатарт шавь бөгөөд энэхүү спортоор гурван жил гаруй хугацаанд хичээллэж байгаа юм. Өдгөө өсвөр насны тамирчдынхаа дунд рейтингээрээ улсад нэгдүгээрт бичигдэж байна.