Алдарт эхийн хоёрдугаар одонтой залуухан ээж Б.Ундралтай ярилцлаа. Учир нь тэрээр хорио цээрийн дэглэмийн энэ цаг үеийг хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа нэгэн. Өөрөө ном унших дуртайн зэрэгцээ хүүхдүүдээ ч ном унших дадалд сургажээ.
Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед хүүхдүүдтэйгээ өдрийг хэрхэн өнгөрүүлж байна?
Хорио цээрийн дэглэмийн үеийг манай гэр бүлийн хувьд боломж болгон ашиглаж, хамтдаа сурч, хөгжин өнгөрүүлж байна. Том охинтойгоо англи хэл сурч, хүүхдүүдээ зураг зурах, оюун ухаанаа хөгжүүлэх тоглоомоор тоглох нөхцлийг нь бүрдүүлж өгч байгаа. Айхтар ийм тийм юм хий гэсэн шаардлага хүүхдүүдээ тавьж хүндрүүлэхгүй, бас өөртөө ч ачаалал өгөхгүйгээр бид хамтдаа өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг дээ.
Хүүхдүүд нь хэдий насных билээ, өдөржин гэрт байхаар уйдаж байна гэнэ үү?
Манайх ам бүл зургуулаа. Хоёр, дөрөв, долоон, 11 насны дөрвөн хүүхэдтэй. Манай хүүхдүүдээс уйдаж байна гэж нэг нь ч хэлдэггүй. Хамтдаа тоглоно, зурна, уншина, баримлын шавраар юм хийнэ, цаасан нугалам, шигтгээ наамал дээрээс нь багш нарынхаа өгсөн даалгаварыг хийнэ гээд уйдах завгүй байдаг шүү.
Таны хувьд хүүхдүүддээ цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд нь хэрхэн туслаж байна?
Боломжийг нь бүрдүүлж л өгдөг. Эцэг эхчүүд бидний хийж өгөх хамгийн чхал зүйл бол энэ гэж боддог. Боломж, орчин нөхцлийг нь бүрдүүлээгүй байж ингэсэнгүй, тэгсэнгүй гэж хүүхдээ зэмлэх нь хамгийн буруу. Нөхөр бид хоёр үйлдлээрээ хүүхдүүддээ үлгэрлэхийг зорьдог. Мэргэжлийнхээ дагуу математик, сэтгэх чадварын бодлого, тестийг өдөрт 30 минутанд заавал хийлгэж мэдэхгүйг нь тайлбарлаж өгдөг. Мөн өдөрт 30 минут л ном унш гэсэн дадалд сургаж байгаа.
Таныг өөрөө ном их уншдаг гэж сонссон. Одоо ямар ном уншиж байна?
Би ном унших дуртай. Аль болох л өөртөө олдож байгаа чөлөөт цаг заваа ном уншиж, өгүүлбэртэй бодлого бодож өнгөрүүлдэг. Яг одоо Д.Маамын “Газар шороо” романы гуравдугаар ботийг уншиж байна.
Ер нь өнгөрсөн жил болоод он гарсаар хичнээн ном уншив?
2020 онд нийт 73 ном уншсан. Шинэ он гарсаар долоо дахь номоо уншиж байна даа.
Яг ямар төрлийн ном илүү унших дуртай вэ?
Надад нэг тийм зан байдаг юм. Нэг зохиолчийн ном уншиж эхэлсэн бол тэр зохиолчийн бүх номыг уншиж дуусгахыг боддог. Тэр зохиолчтой холбоотой бүх л мэдээллийг цуглуулж мэдээлэл авч яг тэр хүний ертөнцийг бүрэн таних гэж оролддог гэх юм уу даа. 2015 оноос хойш шинээр гарсан ном бүрийг гарсан даруйд нь авч уншдаг хэвшилтэй болчихсон юм билээ. Тэгсэн зарим номны утга агуулга гологдож эхлэсэн учраас ахмад зохиолчдын болон 1980,90-ээд оны түүхэн номнуудыг дахин уншиж эхлээд л явж байна.
Номыг зүгээр л уншаад өнгөрдөг үү, эсвэл тэмдэглэл хөтөлдөг үү?
Өөрт таалагдсан үг ишлэлээ түүж бичдэг байсан. Өнгөрсөн жилээс тэмдэглэл хөтөлдөг болох гэж зорьж, бага багаар тэмдэглэлээ бичиж байгаа. Гэхдээ хүний оюуны хөдөлмөрийг буруу зөрүү болгосон дүгнэлт хийсэн тэмдэглэл биччих вий дээ, оюуны бүтээлийг нь кино ярьж байгаа юм шиг бусдад ярьсан тэмдэглэл биччих вий дээ гэж их эмээдэг. Хэн нэгний бичсэн номын тэмдэглэлийг ч би унших бас дургүй. Тухайн номтой өөрийнхөөрөө л танилцах дуртай.
Үүний эцсийн зорилго нь юу юм бэ?
Өөртөө мэдлэг бүтээдэг. Сурагч наснаасаа л зохиолч болно гэсэн гэгээн мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлөө биелүүлчих юмсан гэж зорьдог. Гэхдээ хэзээ ч түүхий юм хийхгүй учир уншиж, судалсаар байгаа. За боллоо доо гэж өөртөө дүн тавих үедээ мөрөөдлөө биелүүлэх болно доо.
Таны хувьд ном уншихад хамгийн тохиромжтой үе?
Өглөө эрт босох л ном унших хамгийн тохиромжтой цаг байдаг. За тэгээд зурагт үзэж бараг мэддэггүй учраас ном унших цаг надад хангалттай байдаг. Ер нь хүн завтай байх тусмаа өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаггүй юм шиг санагддаг. Ямар ч их ажилтай байсан сард 3-4 ном бол уншчихсан л байдаг. Сүүлийн үед бол 7-8 ном уншчихаад байгаа. Би ном уншиж байна гээд алба, амины ямар ч ажлыг цалгардуулаагүй. Би ном энэ цагт уншина ч гэсэн дүрэм журам ч байдаггүй л дээ. Өөрийнхөө зав чөлөөгөөрөө л номоо барьж аваад суучихдаг шд.
Хүүхдүүд нь номоо хэр уншиж байна?
Том охин маань ном сайн уншдаг. Өдөрт заавал ном унших цагийг өөртөө гаргадаг. Хүү маань долоон настай. Аав ээж, эгч нар нь ном бариад суухаар дагаад л өөртөө тохирох үлгэрийн номоо бариад суучихдаг. Хоёр томдоо аль болох нас, сэтгэхүйд нь тохирсон номыг уншуулахыг зорьдог.
Хүүхдүүддээ цаг гаргана, багыгаа асарна, хажуугаар нь ном уншина. Энэ бүх ажлыг амжуулахын тулд та өдрийн цагаа хэрхэн зохицуулдаг юм бэ?
Ээж болсон цагаасаа үр хүүхдээ хүнээр харуулж байсангүй. Хүүхдүүдээ хараад гэрт зүгээр суусан юм ч байхгүй. Хувийн сургалтаа явуулаад, ханийхаа ажилд туслаад хоёулаа л цугтаа бүхнийг зохицуулаад сурчихаж. Одоо нэг үеээ бодвол хоёр бага маань гараас гарч ах эгч хоёр нь дүү нараа хардаг болчихоод надад өөртөө зарцуулах цаг зав нэмэгдсээр л байна.
Сүхбаатар аймагт номны олдоц хэр байдаг юм бол. Та яг уншихыг хүссэн номоо яаж олж авдаг вэ?
Номын сангийн номноос авч унших үедээ уншина аа. Гэхдээ манай нийтийнномын сан номын шинэчлэл, баяжуулалт жаахан муу байдаг. Ер нь тэгээд хүний оюуны хөдөлмөрийг үнэлж аль болох өөрөө худалдан авч уншдаг. Ихэвчлэн хотоос захиалаад шуудангаар, хувийн унаагаар, хотоос ирэх хүнд дайж гээд олон шат дамжлагаар л номоо олж авдаг. Аймагт ирж байгаа номнуудыг ихэвчлэн түрүүлээд аваад уншчихсан байдаг. Ном бүтээнэ гэдэг өөрөө маш их хөдөлмөр байдаг учир бидэнд зориулаад хөгжөөсөй, сураасай гэсэн зорилгыг үнэгүйгээр хүлээж авна гэхээр нэг л тийм хоосон мэдрэмж төрдөг учраас номыг хүнээс гуйлгаар авч уншдаггүй. Авъя гэснээ худалдаж аваад л уншдаг. Энэ нь алсдаа үр хүүхдэд минь үлдэх маш том хөрөнгө гэж боддог.
Залуучууд тэр тусмаа хүүхэд багачуудад ном унших талаар юу хэлж, захимаар байна?
Утас, зурагтанд зарцуулдаг цагаасаа 30 минутыг л номонд зарцуулаад үзээрэй. Ном уншдаг хүн мянган өөр амьдралаар амьдардаг гэдэг шүү дээ. Өөрийнхөөсөө өөр нэг амьдралыг номноос л үзэж танилцдаг. За тэгээд манай хүүхэд утас, зурагтнаас салахгүй байна гээд байгаа ээж аавуудын яриа үнэндээ уур хүрмээр сонсогддог шүү. Та өөрөө юу хийдэг вэ, таны үйлдлийг л хүүхэд чинь дуурайж байгаа гэдгийг манай зарим аав ээжүүд ойлгоосой гэж боддог. Өөрсдөө ном сонин сэтгүүл уншиж, хүүхдэдээ харагдаарай. Үнэтэй утас, зурагт гэхээс илүү хэдэн ширхэг ном гэртээ аваад тавьчих. Тэгээд өөрөө заю зайгааор унш, эвсэл нэг л өдөр хүүхдүүддээ 30 минут ном уншиж өгөөд үзээрэй. Цааш нь хүүхдүүд өөрсдөө үргэлжлүүлчихдэг юм.
Ярилцсанд баярлалаа, танд аз жаргал хүсье?
Баярлалаа.
Т.ОДОНЧИМЭГ