Хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед СӨБ-ын тэр дундаа хөдөө сумдын цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж багаа талаар Түвшинширээ сумын цэцэрлэгийн эрхлэгч Ш.Энхтуяагаас тодрууллаа. Тус хамт олон онцгой нөхцөлд ажиллаж буй энэ үед хүүхдүүдтэйгээ эргэх холбоотой байхын тулд хөршийн холбоог сайн ажиллуулж хэвшжээ.
Юуны өмнө 2020 оны ажлаараа бусдыгаа манлайлсан танай хамт олонд баяр хүргэе. Энэ амжилтын гол үзүүлэлт нь юу байсан гэж та бодож байна?
Баярлалаа. 2013 оноос эхлэн аймгийн БСУГ-аас аймгийн бүх сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын чанарын болон хөндлөнгийн тоон үнэлгээг тогтмол хийж,үнэлж ирсэн . Энэ жил манай хамт олон 2020 оны үйл ажиллагаараа гутгаар байр эзэлсэндээ бид бүхэн баяртай байна. Энэ амжилт бол манай хамт олны ажлаа гэх чин сэтгэл, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойгэж бодож байна.
Ер нь Түвшинширээ сумын хэмжээнд цэцэрлэийн насны хүүхдүүдийн хамрагдалт хэр байдаг юм бэ?
Манай сум 2-5 насны 362 хүүхэдтэй. Үүнээс үндсэн бүлэгтээ 282 хүүхэд, хувилбарт сургалтанд 127 хүүхдийг хамран сургаж, нийт хамрагдалт 99,6%-тай буюу өндөр үзүүлэлттэй байдаг. Бид аль болох цэцэрлэгийн насны бүх хүүхдийг ямар нэг хэлбэрээр хамруулахыг зорин ажилладаг.
Өнгөрсөн хичээлийн жил онцлог жил байлаа. Энэ хугацаанд танай хамт олон хэрхэн ажиллав?
Дэлхий нийтээр тархсан цар тахлаас шалтгаалан танхимын сургалтанд хамрагдах боломжгүй болсноор сургалт болон мэдээлэл дамжуулах бүх үйл ажиллагаа цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ цаг үед багш бүр боломжит бүх л хэлбэрийг ашиглан сургалт үйл ажиллагаагаа зохион явуулж, эцэг эх олон нийтэд мэдээллийг дамжуулан ажиллаж ирлээ. Одоо ч яг энэ зарчмаар ажиллаж байна.
Яг ийм онцгой үед ажиллахын давуу тал нь юу байв. Танай хамт олонд гарсан эерэг үр дүн юу байв?
Онцгой нөхцлийн энэ үед багш ажилчид өөрсдийгөө маш сайнхөгжүүлж байна. Олон төрлийн аппликэйшн болон шинэ программ дээр ажиллаж сурч эдгээрийгээ ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, зөвлөгөө зөвлөмжийг хийж ажлын байран дээрээ өөрөө өөрийгөө хөгжүүлж, мөн бие биенээсээ суралцах маш том боломж бүрдсэн. Энэ ололтоо танхимын сургалт эхлэх үед ашиглахад маш олон өөрчлөлт, давуу талууд бий болно гэж харж байгаа.
Түвшинширээ сумын хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй болсон ч тогтмол хичээллэж чадахгүй л байна. Шинэ цэцэрлэгийнхээ талаар таницуулаач?
Тийм ээ. Бид өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,9 тэрбум төгрөгний өртөг бүхий 200 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн байрыг хүлээн авсан. Ажлыг Улаанбаатар хотын “Компорт импекс” ХХКомпани барьж гүйцэтгэсэн. Гэвч хүүхэд багачууд минь энэ сайхан өргөөндөө цар тахлын үед бүрэн суралцаж чадахгүй л байна. Хүүхэд багачууд маань багш нартайгаа баяртайгаар уулзах сайхан цаг удахгүй ирэх байх аа.
Цэцэрлэгийн тохижилт бүрэн хийгдэж чадсан уу. Тохижилтыг ямар замаар яаж хийв?
БШУЯамнаас хатуу зөөлөн эдлэл, тавилга эд хогшил, тоног төхөөрөмж, тоглоом наадгайг 61 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар хийж өгсөн. Мөн багш ажилчид, ард иргэд, эцэг эхийнхээ хандив тусламжаар анги танхим, өрөө тасалгаагаа бүрэн тохижуулаад байна. Одоо цэцэрлэгийн бүх анги танхим стандартын дагуу тохижсон гэж ойлгож болно. Хүүхдүүд маань үнэхээр сайхан орчиннөхцөлд сурч хүмүүжих боломжтой болсон.
Одоо танай хамт олон хэрхэн ажиллаж байна. Онцлох үйл ажиллагаанаас танилцуулбал?
Одоо манай хамт олон 02 дугаар сарын 01-ээс эхлэн теле хичээл орж байгаатай холбон хүүхдүүдийнхээ хичээл үзэлтэнд өдөр бүр тандалт хийх, отрын нутагт байгаа хүүхдүүдтэйгээ холбоо тогтоох, тэдэнд нэмэлт даалгаварын санг багш нар өөрсдийн гараар бэлтгэж багийн дарга болон ойр орчмоос ирсэн иргэдээр дамжуулан даалгавар өгөх ажлыг хийж байна. Мөн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүддээ хараа хяналтаа сайжруулах, тэдэнд хяналт тавих, хувилбарт сургалтын хүүхдүүдэд аялуулдаг багцын тоог нэмэгдүүлэх зэргээр ажиллаж байна. Одоогоор танхимаар хичээллэх бэлтгэлээ ханган, хөтөлбөр төлөвлөгөөгөө засан сайжруулах зэрэг ажлуудыг хийж байна.
Эцэг эхчүүд, хүүхдүүдтэйгээ ямар байдлаар холбогдож байна. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо идэвх хэр байна?
Ер нь манай эцэг эхчүүд, багш нарын эргэх холбоо, оролцоо идэвх маш сайн. Цахим орчинг идэвхтэй ашиглах болсон энэ цаг үед мөн л бүлэг бүр дотоод групптэй. Түүгээрээ тухайн өдрийн теле хичээлийг хүүхдүүддээ үзүүлэх, эцэг эхчүүд буцаагаад багшдаа тухай бүр нь мэдээлдэг. Мөн манай байгууллага хөршийн холбоог сайн ажиллуулж хэвшсэн. Хүүхдүүдийнхээ гэрийнхэнтэй холбогдож чадахгүй тохиолдолд ажлаа хөршөөр нь дамжуулан хийдэг. Үүнд манай эцэг эхчүүд ам сайтай байдаг. Хөдөө байдаг хүүхдийн ээж аавууд долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр багшдаа хүүхдийнхээ талаар холбогдож нэмэлт даалгавар авах, юу хийхээ тогтмол асууж хэвшсэн.
Энэ хичээлийн жилд ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна?
Энэ хичээлийн жилд бид бүхэн мэдээж өмнөх оны ажлаасаа илүү ихийг хийж бүтээхийг хичээнэ. Цаашлаад хүүхдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлэн ажиллахаар зорьж байна.
Т.ОДОНЧИМЭГ