Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

А.ЦЭЦЭГМАА: АЛБАН ГАЗРУУД УГИЙН БИЧИГ ХӨТӨЛДӨГ АЖИЛТАНДАА ҮР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОДОГ

Угийн бичиг хөтлөх үйл явц Сүхбаатар аймагт 2020 оны байдлаар 40 хувьтай байсан. Тэгвэл энэ ажлыг Сүхбаатар сум хамгийн сайн хэрэгжүүлж, өдгөө 200 гаруй иргэн угийн бичгээ хөтөлдөг болжээ. Тиймээс тэдний сайн туршлага, үр дүнгийн талаар Соёлын төвийн номын санч А.Цэцэгмаатай цахимаар холбогдон цөөн хором ярилцлаа.

Угийн бичиг хөтлөх ажил танай суманд хамгийн өндөр хувьтай хэрэгжиж байгаа. Байгууллага, иргэн бүрийг яаж үүнд ингэж хамруулж чадсан юм бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжиж байгаа “Угийн бичгээ хөтөлж, удмын сангаа хамгаалъя” угийн бичиг хөтлөлтийн уралдааныг эхлээд сум орон нутагтаа зохион байгуулж ажиллахыг сумын Засаг дарга, аж ахуй нэгж байгууллагын дарга, эрхлэгч нарт үүр болгосон сумын засаг даргын захирамжийг гаргуулсан. Мөн байгууллагуудад сургалтыг тогтмол өгч хэвшсэн. Эдгээрт шаардагдах хөрөнгийг сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргуулдаг. Мөн дараагийн нэг гол ажил бол угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх зорилгоор албан байгууллагын дарга эрхлэгч нар ажилчдадаа  ур чадварын нэмэгдэл олгож эхэлсэн. Энэ нь алба хаагчдад маш том дэмжлэг бас урам болсон тухай ярьж байсан.

Түгээн дэлгэрүүлэлтийн ажлыг яг яаж зохион байгуулж байна?

Жил бүр сумын ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр 500 мянгаас нэг сая төгрөгний урамшуулал санхүүжилтийг шийдвэрлүүлж түүний дагуу хөдөөгийн багийн иргэд, төрийн албан хаагч нарт сургалт мэдээлэл, гарын авлага тарааж өгдөг. Өнгөрсөн онд сумын хэмжээнд нийт 12 удаагийн сургалтыг зохион байгуулж, сургалтанд 270 гаруй хүнийг хамруулсан байдаг.

Яг одоогоор Сүхбаатар сумын хичнээн иргэн угийн бичгээ хөтөлж сурсан байна. Бүгд амьдрал дээр сурснаа хэрэгжүүлж чадаж байна уу?

Сумын хэмжээнд 200 гаруй иргэн угийн бичгээ хөтлөж хэвшсэн. Харин хөдөөгийн багийн иргэдийн хамрагдалт муу байна. Бичиг үсгийн боловсролоос шалтгаалан , бичих чадварт хүндрэл үүсч байна гэж бид харж байгаа. Гэхдээ цаашид эдгээр иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа. Яг тогтмол сургалт эдээлэл авдаг угин бичгээ илүү сайжруулах, хөтөлдөггүй байсан нэг нь бусдаасаа суралцан ямар байсан эхлэлээ тавих оролдогыг хийж байгаа нь сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байна гэж боддог.

Угийн бичгээ хөтөлж байгаа иргэдээс шинэ шинэлэг зүйлс мэдээж гарч байгаа байх. Танилцуулбал?

Тийм ээ. Иргэдийн маань угийн бичиг хөтлөлтийн ажил жил ахих тусам сайжирч, шинэлэг туршлагуудыг нэвтрүүлж байгаа. Жишээлбэл, Д.Нандин-Эрдэнэ өөрөөсөө дээш дөрвөн үеийн бичиглэлийг хийхийн зэрэгцээ өвөөгөөс нь уламжлан ирсэн архивын судалгаагаар баримтжуулсан дээд үеийн угийн бичгийг цуглуулан, өөрийн дээд үеийн Есүхэй баатарын үр сад болох мэдээллээр баяжилт хийсэн нь сум төдийгүй аймгийн хэмжээний онцлох угийн бичиг болсон. Мөн иргэн Ц.Санжид нь модны зураглалаар угийн бичгээ бичсэн нь өвөг дээдсээс уламжилж ирсэн гэрийн бичиглэлийн нэг тод жишээ болж байгаа. Т.Цэнгэлчимэг гэх хүн өөрөөсөө дээш зургаан үеэ бичсэн нь хамгийн дээд үзүүлэлт болсон.

Олон жил хөтлөөд заншсан өрх байдаг уу?

2016 оноос энэхүү ажил үр дүнтэй явагдаж байгаа. Үүнээс өмнө манай суманд хөтөлдөг айл өрх ховор байсан. Яахав дээдцүүл нь бичиж үлдээсэн мэдээллийг арвижуулж, судлан дэлгэрүүлсэн тохиолдол байгаа. Сэнгэ овогт Санжаагийн Ганбулган гэж иргэн бий. Тэр угийн бичгээ өөрөөсөө дээшээ тав дахь үе хүртэл буюу хулан өвөг эмэг хүртэл бичсэн. Зураглал, шастир баяжмагдал угийн бичиг хөтлөлтийн стандартын дагуу хөтөлдөг. Сүндэв Дархан, Дархан Наваан, Дархан Зундуй хэмээн үе дамжсан дархадынхан хэмээн нэрлэгддэг энэ ураг удмынхан 2019 оны 06 дугаар сард ургийн баяраа өвөг дээдсийнхээ нутаг буюу хуучнаар Сэцэн Хан аймгийн Ёст Бэйсийн Хошууны Эрдэнэжавхлант уулын энгэрт зохион байгуулсан. Энэхүү ургийн баярт 200 гаруй өрх айлын 700 гаруй хүн хамрагдсан байдаг. Ургийн баяртаа зориулж тэд Сүндэв дархны ураг удмынхан хэмээн ном хэвлүүлэн гаргаж, Сүндэв дарханаас доошоо найм дахь үе хүртлэх үр ач нарыг хамруулсан угийн бичгээ хийж, ураг удамдаа түгээсэн. Энэ бол угийг бичиг хөтлөлтийн маш том үр дүн гэж бодож байна.

Тэгвэл цаашид илүү сайн түгээн дэлгэрүүлэхийн тулд хэрхэн ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

Шилдэг , үлгэр жишээ сайн хөтөлдөг хүмүүстэй хамтран массыг биш яг өайл өрхрүү чиглэсэн байдлаар ажиллая гэж бодож байгаа. Яг үнэндээ төрийн байгууллагууд л дотооддоо зохион байгуулалтыг сайн хийж, алба хаагчид массаараа хөтлөж хэвшсэн нь өндөр үзүүлэлттэй харагдаж байгаа боловч яг энгийн иргэдийн идэвх муу байдаг.  Мэдээж хөтөлдөг цөөн хүн бий л дээ. Ер нь угийн бичгийн ажлыг дан ганц соёлын төвийн ажил мэт зарим нь ойлгодог. Иргэдийг идэвхжүүлэхийн тулд багийн дарга нарын оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарах нь нэн чухал байгаа.

Орон нутагт энэ ажлыг номын санч нь хариуцаж хийдэг юм уу?

Тийм ээ. Угийн бичиг хөтлөх сургалтыг ерөнхийдөө номын санч хариуцан ажиллаж сургалт мэдээлэлийг өгдөг. ЕБС-ын насан туршийн боловсролын багш маань хамтарч заримдаа төрийн байгууллагынханд сургалт арга зүйн зөвлөгөө чиглэл өгдөг. Хамгийн гол нь энэ ажлыг манай сумын удирдлагууд маш сайн дэмжиж, хамтран ажилладагт талархлаа илэрхийлмээр байна. Цаашид илүү сайн хамтарч, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна даа.

Т.ОДОНЧИМЭГ