Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутагт нөхцөл байдал хэр байгаа, халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлан ажиллаж байгаа талаар Баяндэлгэр сумын Бөмбөөлэй цэцэрлэгийн эрхлэгч Я.Отгонсүрэнгээс тодрууллаа.
Цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрвөн сарын дараа дахин эхэллээ. Яг одоо танай цэцэрлэгийн ирц ямар байна?
Танхимын сургалт эхлэхийн өмнө багш нар бүх эцэг эхчүүдтэйгээ утсаар холбогдож тандалт авсан. Ихэнх нь хүүхдээ цэцэрлэгт нь өгнө гэдэг хариултыг хэлсэн. Одоогоор манай цэцэрлэг 75 хувийн ирцтэй байгаа.
Хүүхдүүдийн хандлага хэр байна. Хаа сайгүй л шинэ хичээлийн жил эхэлж байгаатай л адилхан байх шиг байна?
Яг тийм. Эхний өдөр бол яг л шинэ хичээлийн жил шиг байлаа. Бэлтгэл, ахлах бүлгийн хүүхдүүд маань ангиа, найз болон багш нараа их санасан гээд л өөдрөг орж ирсэн. Харин бага дунд бүлгийн хүүхдүүд жаахан уйлалдсан. Бүр зарим нь би малдаа явъя гээд л уйдаад байсан гэсэн. Ер нь хүүхдүүд маань цэцэрлэгээ их санажээ. Хэдэн сар чимээгүй байсан өргөөнд хүүхдүүдийн дуу цангинаад сайхан байна. Багш нар маань ч хүүхдүүдээ санаж.
Ер нь Баяндэлгэр сумын цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт хичнээн хувьтай байдаг вэ?
Манайх үндсэн болон хувилбарт сургалтаараа цэцэрлэгийн насны хүүхдийг 100% хамруулж чаддаг.
Мэдээж халдвар хамгааллын дэглэмийг баримтлах чиглэлээр дээд байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг дагаж мөрдөж байгаа. Харин танай цэцэрлэг дотооддоо ямар зохион байгуулалтыг хийж байна?
Тийм ээ, нэн тэргүүнд дээд байгууллагуудаас өгсөн зөвлөгөө зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн хүүхдийг өглөө хүлээн авах болон таралтын үеэр олны бөөгнөрөл үүсгэхгүйн тулд цагийн зохицуулалтыг хийж хуваарийг гарган ажиллаж байна. Багш ажилчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж сургалт, зөвлөгөөг цаг тухай бүр өгч ажиллаж байна. Анги танхимын ариутгал, агаар сэлгэлт зэргийг тогтсон хуваарийн дагуу хийж хэвшсэн.
Эцэг эхчүүдийн дэмжлэг, оролцоо хэр байна. Учир нь та бүхний ажлын үр дүн тэдний оролцоогоор хангагдана шүү дээ?
Эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа маш сайн байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг маш сайн сахиж, цэцэрлэгийн зүгээс өгсөн үүрэг болгоныг хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Хэдий манайх эрүүл бүс хэдий ч энэ аюулт өвчин ороод ирвэл яах вэ гэдэг айдас иргэдийн дунд байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлыг хангалттай дэмжиж байгаа. Наад зах нь амны хаалтаа хэнээр ч шаардуулахгүйгээр зүүгээд хэвшчихэж. Бүлэг бүрийн эцэг эхчүүд галч нартай хамтран өглөөний хүлээн авалт, оройн таралтын үед хүүхдийг багшид гараас гарт өгч ажиллах тал дээр хамтран, өдөр бүр дөрвөн эцэг эх ажилладаг. Ингэснээр бусад хүмүүс байгууллага руу нэвтрэхгүй, олны бөөгнөрөл үүсэхгүй байхаас эхлээд бүлгийн багш нарын ажилд тус дэм болж байна.
Танхимын сургалтгүй байх үед цэцэрлэг хэрхэн ажиллаж байв? Энэ цагийг багш нар үр дүнтэй өнгөрүүлж чадсан уу?
Цахим сургалтаар багш нар тасралтгүй өөрсдийгөө хөгжүүлэхээс гадна гэрээр байгаа хүүхдүүдтэй байнга холбогдож аюулгүй байдал болон гарч болзошгүй эрсдлээс хэрхэн хамгаалах талаар зөвлөгөө зөвлөмжийг эцэг эхчүүдэд байнга өгч ажилласан. Мөн хүүхдүүдээ теле хичээлийг сайн үзүүлэх, үзэж чадаагүй хүүхдүүдтэй холбогдож нөхөж үзүүлэх талаар арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх хөтөлбөрийн багцыг шинэчлэн тоог нэмэгдүүлж хүүхдүүдийнхээ гэрээр тараан ажилласан. Ялангуяа намар сургуульд орох таван настануудад түлхүү багцыг өгч багш нар үр дүнг тооцон ажиллаж байна. Мөн хөдөө байгаа хүүхдүүдтэйгээ байнгын холбоотой байсан. Манай хамт олон өнгөрсөн цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлсэн гэж үзэж байгаа.
Ер нь танай цэцэрлэгийн сургалтын орчин нөхцөл хэр вэ?
Манай цэцэрлэг 2007 онд баригдсан 175 хүүхдийн хүчин чадалтай. Одоогоор 247 хүүхдийг хамруулж байна. Гаднаа хоёр гэрт хоёр бүлгийг ажиллуулж, мөн эрхлэгч, арга зүйчид гадаа гэрт байрлаж байгаа. Бүлэг дүүргэлт 30 орчим хүүхэдтэй. Бид бүхий л нөөц боломжоо ашиглан хүүхдүүдээ хамруулахыг зорин ажиллаж байна.
Уг нь цэцэрлэгийн шинэ барилга баригдаж байгаа ч удаашралтай байна. Энэ ажил яг ямар шатанд явж байна?
Цэцэрлэгийн барилга анх 2019 оны 11 сард ажил нь эхэлсэн байдаг. Улаанбаатар хотын Оточ ноёдууд ХХК гүйцэтгэгч нь . одоогоор 45 хувийн гүйцэтгэлтэйгээр зогсоод байгаа. Бид энэ асуудлаар салбар яам болон аймгийн засаг даргад албан тоотудыг хүргүүлж, таатай мэдээ ирэхийг л хүлээж сууна даа.
Баярлалаа.
Т.ОДОНЧИМЭГ