Сүхбаатар аймгийн нэгдсэн мэдээллийн сайт

ХӨВСГӨЛ НУТГИЙН ХӨДӨЛМӨРЧ БҮСГҮЙ СҮХБААТАРЫН АНХДАГЧ БОЛСОН ТУХАЙ

 

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Жанрайн Дамба. Энэ нэрийг мэдэх нь цөөн ч сонссон хүн их биз ээ. Учир нь тэр бол 1942 онд Сүхбаатар аймгийг анх “Жавхлант шарга” нэртэйгээр байгуулагдахад Сүхбаатарчуудын эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үүргийг хүлээж, орь ганцаар Улаанбаатар хотоос ирж байсан нэгэн. 21-хэн настай ч тухайн үедээ шинэхэн аймгийн шилдэг сэхээтнүүдийн нэг байлаа.

Санитарийн сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд шууд л томилолт аваад ирсэн Ж.Дамба эмч, асрагч, галч, эм найруулагч гээд бүгдийг өөрөө хийдэг байв. Мэдээж залуухан бүсгүйд энэ ахадсан ачаа. Ингэж нэг жилийг өнгөрөөж байтал БНМАУ-ын дарга Ю.Цэдэнбал Жавхлант шарга аймгийн ажил үйлстэй танилцахаар ирж, эмнэлгийн нөхцөл байдлыг нүдээрээ үзээд, түүний ачааллыг хөнгөлөх үүргийг аймгийн удирдлагуудад өгөв. Улмаар хожим галч, асрагч, үйлчлэгчийн орон тоог нэмэгдүүлжээ. Ингэж л тэр Сүхбаатарын анхны сувилагч болж эрүүл мэндийн салбар төдийгүй аймгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгэн.

Түүнийг анхдагч хэмээн тодотгох олон зүйл бий. Сүхбаатарын шинэ үсгийн анхны багш Ж.Дамба ч гэж нэрлэх нь бий. Тэр үедээ л бичиг үсэг тайлагдсан боловсролтой нэгэн байсан учир удирдлагуудаас эхлээд төрийн албан хаагчдад шинэ крилл үсгийг тэр зааж байлаа. Ингэж явахдаа ирээдүйн хань Сономын Моломтой танилцжээ. С.Молом хуучнаар Хонгор сумын иргэн бөгөөд худалдааны агентад худалдагч, няраваар ажилладаг байж. Өөрөөс насаар дүү эхнэрээрээ шинэ үсэг заалгаж явсан гэсэн үг. Аймагт хоёрхон ирсэн таван ханатай гэрийн нэгийг тэд худалдан авч, 1945 онд айл гэр болсон гэдэг. Ингээд л Хөвсгөл нутгийн хөдөлмөрч бүсгүй Сүхбаатар нутагт суурьшсан түүхтэй. Найман хүүхдийн эцэг эх болж, үүрэгт ажлаа үнэнч хийсэн нь тэдний амьдралын замыг дардан байлгав. Өөрсдийн хүч хөдөлмөрөөр, эгэл даруухан амьдарсан тэдний бүтээсэн түүхийг эргээд сөхөхөд асар их.

Мэдээж шинээр байгуулагдсан аймаг хүн ам цөөтэй байсан учир ямар нэг ажил арга хэмжээ болоход урдаа барьдаг хэдхэн хүнтэй. Тэдний нэг нь Ж.Дамба. Дуулна, жүжиглэнэ, бичнэ. Бүр тоглосон жүжгийн бригадаараа сумдуудаар тойрч тоглолт хийж явсан гэнэ лээ. Үнэхээрийн бүх талын авьяас, ур чадвартай нэгэн байж.

Ж.Дамба гуай ийн ажилдаа ч, ар гэртээ ч халамжтай, үнэхээр ажилсаг нэгэн байлаа. Түүнээс ёстой л нөгөө жинхэнэ монгол эмэгтэйн тэсвэр хатуужил гэдгийг олж харах боломжтой байсан гэдэг. Өөрөө ч юм үзэж нүд тайлсан нэгэн болохоор хүмүүст амьдралынхаа сонин содон түүхийг их ярьдаг байж. Нэг удаа ингэж ярьж гэнэ…

“Төрөх дөхсөн байлаа. Өглөө босоод үнээгээ сааж байтал нэг л өвдөх шинжтэй болохоор нь гэртээ ороод хоёр гурван мах унаган төмөр саванд хийгээд зуухан дээрээ тавиад ойр зуурын юм хийж эхэлтэл юу юугүй хүүхэд гарах нь тэр. Хүйг нь боож өлгийдөж тавьчихаад, шөл маань ч буцалж байна түүнээс хийж авч уучихаад жаахан амсхийж аваад толгойдоо алчуур битүү зангидаад эргээд үнээндээ гартал зэлэн дээр суугаа хүүхнүүд, Чи минь хаачив аа, алга болчих юм гэж билээ” гээд инээмсэглэн ярьж суусан гэдэг. Үгүй мөн их зориг, тэвчээр шүү. Яалт ч үгүй л өөрийнхөө бас өрөөлийн элч эмч юм.

Тухайн үед төрсөн хүү нь М.Ганболд байж. Өөрийнхөө ижийгээр эх бариулна гэдэг ховор басхүү том хувь заяа. Магадгүй тийм ч учраас ижий аав нь түүнийг бусдаас нь түрүүлж авч одоо биз. Одоо тэд хамтдаа тэнгэрт дэвшжээ.

М.Гансүх, М.Алтантуяа, М.Ганбаатар, М.Алтанчимэг, М.Омбоожий, М.Ариунаа, М.Алтанцэцэг гээд тэднийхээ үргэлжлэл болсон үр хүүхдүүд нь өдгөө бүгд эсэн мэнд аж төрж буй. С.Моломынхон өдгөө 120-уулаа өнөр бүл болжээ. Үр хүүхэд, ач зээ нар нь бүгд л нэр төртэй сайхан амьдарч яваа.

Тэдний хүүхдүүдээс М.Ариунаа нь ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч, насаараа Мөнххаан суманд ажиллан өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Харин удаах охин М.Алтанчимэг нь ижийнхээ төрсөн нутгийг сахидаг гэнэ лээ. Бас л сонин тохиол юм.

Ж.Дамба гуайн талаар сонирхож явахад бас нэгэн сонин зүйлийг сонслоо. Тэр ижийгээ дэргэдээ авчирч, өөд болоход нь төрөлх нутаг  Хөвсгөл аймагт бус Сүхбаатарт нутаглуулж. Хожим өөрөө нас өндөр гарч, биеэ чилээрхэхийг мэдсэн Ж.Дамба зээ хүүдээ, миний хүү эмээгээ ижийгийн минь дэргэд нутаглуулаарай, эмээ нь газрыг нь бэлдчихсэн байгаа… гэж захиж.

Тэр жаахан хүү бол С.Моломын бага охин Алтанцэцэгийн хүү Ган-Очир байлаа. Багаасаа эмээгийнхээ гар дээр өссөн хүү ёстой л чадлынхаа хирээр эмээгээ асарч, хамгийн сүүлд эмээгийнхээ хөлийг хучсан юм гэнэ лээ. Эмээгээ 86 насандаа өөд болоход нь арван жилийн жаахан сурагч байсан ч томчуудыг даган явж, өөрөө эмээгийнхээ газрыг зааж өгчээ. Газар дээр нь яваад очиход нээрээ л өндөр эмээгийнх нь өлмий дор эртнээс бэлдсэн мэт тэмдэгтэй газар байсан гэлээ. Учир, өөрийг нь алгаа дэлгэн тосон авч, хайр ивээлээ харамгүй өгсөн нутгийнхаа хөрсөнд шингэхийг хүссэн аж.

Ардын хувьсгалтай нас чацуу Ж.Дамбын авсан гавьяа шагналыг энд дурдаад илүүц биз. Гагцхүү түүний мэндэлсний 100 насны ой энэ онд тохиож буйг тодотгоё. Үр хүүхэд, ач зээ нар нь хамтран ээжийнхээ, эмээгийнхээ 100 насны ойд зориулан бүрэн хэмжээний баримтат кино хийх төслийн ажилдаа оржээ.

Хийсэн ажилтай, хэлэх үгтэйгээр нэр төртэй амьдарсан Сүхбаатарын анхны сувилагч бүсгүйд ийм гавьяа бий…

Т.ОДОНЧИМЭГ