УИХ-ын 01 дүгээр сарын 21-ний чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд болоод Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж, гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсэн. Уг чуулган дээр УИХ-ын гишүүн Н.Ганибалын хэлсэн үгийг бүрэн эхээр нь, албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.
Тэрээр, Өнөөдөр миний хувьд улс төрийн түүхэн шийдвэр гаргах цаг хугацаанд Их хурлын гишүүн болоод оролцож байна. Тэртээх 31 жилийн өмнө Монголын ардчилсан холбооны залуучууд Монгол Улсад анхны жагсаал цуглаан хийж, тухайн үеийн тоталиторь дэглэмийг халж, өнөөдрийн ардчилсан нийгмийг эхлүүлж байсан. Миний хувьд 2008 оны 7-р сарын 1-нд тухайн үеийн эрх баригч нам, МАХН иргэдийн саналыг луйвардсан үйлдэлд залуу хүнийхээ хувьд, шударга бус үйлдлийг эсэргүүцэн жагсаалд оролцож явсан. Өчигдөр ч бас /талбай дээрх тайван жагсаал/ би УИХ-ын гишүүн болж, АН-ын өнөөдрийн хамгийн үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах, цуглах эрх чөлөөгөө эдэлж, иргэнийхээ хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд ч тэр жагсаал цуглаанд өөрийн биеэр очиж оролцсон. Өнөөдөр МАН-ын Ерөнхий сайд энэ асуудлыг далимдуулан ажлаа өгч байгаа, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байгаа энэ асуудал 2008 онд болсон тэр жагсаал цуглааны дараа болсон үр дүнтэй ижил байдалтай, үнэхээр танил технологи харагдаж байна. Тухайн үед 7 сарын 1-нд иргэд өөрсдийнхөө эрхийн төлөө жагссаны төлөө тухайн үеийн эрх баригчид иргэдийг хүчээр тарааж, таван хүний алтан амь эрсдэж байсан түүхтэй. Тэр жагсаал цуглаанаас хэн хожсон бэ? Тэр жагсаал цуглаанаас эрхээ хамгаалах гэсэн, үгээ хэлэх гэсэн иргэдийн жагсаал цуглааныг МАН –ын 10 тэрбум төгрөгийн өртөгтэй цагаан ордон баригдсанаар өндөрлүүлж байсан. Өчигдрийн тэр жагсаалд өнөөдөр МАН, Засгийн гзар, цар тахлын үед ажлаа үргэлжлүүлж чадахгүйн ашиг болгож, өнөөдөр Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж авч байгаад үнэхээр харамсаж байна. Хүрэлсүх сайд манай нутгийн ах. Нутгийн иргэд таныг энэ ажлаа хийж, Монголын ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулаасай гэж олон мэссэж бичиж байна. Би ч гэсэн таныг Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлж, үнэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүсч байгаа бол энэ ажлаасаа дараагийнхаа ажил руу боломжоо нээж оролцоосой гэж хүсч байна гэж хэлсэн юм.