Аймгийн Шуурхай штаб хуралдаж, коронвирусний эсрэг вакцинд иргэдийг хамруулах, вакцин түгээх, хадгалах ажлын бэлтгэл, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцлээ. Эхний ээлжинд ирэх вакцинд тус аймгийн 15791 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ.
Үүнд төрийн тусгай албаны болоод эрүүл мэнийн байгууллагын 1001, зорилтот бүлгийн 13 мянга орчим иргэн багтах юм. Тодруулбал, архаг хууч өвчтэй 3809, 50-аас дээш насны 7478, хөгжлийн бэрхшээлтэй 1151, орон гэргүй болон зайлшгүй шаардлагатай 400 орчим иргэнийг нэн тэргүүнд дархлаажуулалтад хамруулах аж.
ЭМЯ-аас өгсөн чиглэлийн дагуу дархлаажуулалтын үйл явцыг сонгуулийн хэсгийн хороодын байранд зохион байгуулахаар санал болгож байгаа юм. Ингэхдээ уг ажлыг 2-3 хоногт багтаахаар төлөвлөж байна. Харин ерөнхий зохион байгуулалт болоод шаардлагатай хөрөнгө мөнгийг аймгийн Онцгой комисс хариуцна гэж Эрүүл мэндийн газраас танилцууллаа.
Т.ОДОНЧИМЭГ