Сүхбаатар аймгийн хүн амын дундаж наслалт 72. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү арав. Тодруулбал эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арван насаар бага насалдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Гол шалтгаан нь эрэгтэйчүүд эмнэлэгт хандах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах зэрэг нь хангалтгүй байдаг байна. Энэ нь нэг талаар Сүхбаатар аймагт эрэгтэйчүүдэд зориулсан тусгай эрүүл мэндийн үйлчилгээ байдаггүй, энэ чиглэлийн мэргэшсэн эмч байхгүй зэрэгтэй ч холбоотой. Тиймээс ирэх дөрвөн жилд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих ажлыг онцгойлон хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтаажээ. Өөрөөр хэлбэл АНЭ-т эрэгтэйчүүдийн кабинет байгуулж, мэргэжлийн эмчээр хангах тухай тусгагджээ.
АНЭ-т хандаж үйлчилгээ авах болон үзлэгт хамрагдаж буй иргэдийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Харин эрэгтэйчүүдийн эмнэлэгт хандах байдал дөнгөж 20 орчим хувьтай байдаг байна. Тэгвэл дээр дурдсан болон бусад замаар замаар эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжиж, эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулснаар нийт хүн амын дундаж наслалтыг 74 болгон, хүйсийн наслалтын зөрүүг арилгах томоохон зорилтыг тавин ажиллана гэдгийг аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа онцоллоо.
Т.ОДОНЧИМЭГ