Аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлаг албадаас 2021 онд хэрэгжүүлх ажил, бодлого чиглэл, цаашдын хамтын ажиллагааны талаарх мэдээллээр удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна. Үүн дундаа аймгийн ГЗХЗХГ-ын зүгээс өгсөн мэдээллийг онцлон хүргэе.
Хүүхдийн эрх, зөрчлийн асуудлаар 2020 онд нийт 58 дуудлага ирсний 42 нь хүүхдийн тусламжийн 108 утсанд ханджээ. Эдгээрийг хүчирхийллийн төрлөөр авч үзвэл үл хайхрах 19, сэтгэл санааны найм, бие мах бодийн 17, бэлгийн 14 удаагийн хүчирхийлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймагт үл хайхрах хүчирхийлэлд хүүхдүүд илүү их өртөж байна. Харин хүйсийн тухайд нийт хохирогч хүүхдийн дийлэнх нь охид байгаа юм.
Сүүлийн үед хүүхдийн эрхийн зөрчлийн дуудлага нэмэгдэх төлөвтэй байгаа ч энэ нь нөгөө талаар илрүүлэг сайн байгаатай холбоотой. Хүүхэдтэй холбоогүй хувь хүн, албан газар гэж байхгүй учир цаашид хамтын ажиллагаагаа илүү сайжруулах нь бухал. Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг хүүхэд хамгааллын эрсдлийн даатгалд даатгуулах, ААНБ-ын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийг байгуулах зэрэг ажлуудыг бүх шатанд амжилттай хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь хүүхэд хүчирхийлэлд өртөх, гэмт хэргийн хохирогч болох явдал нэмэгдсээр байна гэдгийг аймгийн ГБХЗХГ-ын дарга М.Туул хэллээ.
2021 он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн 64 дуудлага бүртгэгдсэн бол мөн онд 15 хүүхэд эрүүгийн хэргийн хохирогч болоод байгаа аж. Харин аймгийн хэмжээнд 170 хүүхдийг хүүхэд хамгааллын эрсдлийн даатгалд даатгуулжээ.
Т.ОДОНЧИМЭГ